Шинэ цэцэрлэгийг тоглоомоор мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-09-20 20:13:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, ШШГГ, ШША, Улсын бүртгэлийн албаны ажилтан, алба хаагчид гурав дахь улирлын сайн үйлсийн аянаа өрнүүлж байна. Тэд энэ удаад аймгийн төвийн Баян-Ойт цогцолборын өргөтгөл цэцэрлэгийн Э.Мөнхзаяа багштай багын А бүлэгт өөрсдийн сэтгэл шингээн цуглуулсан тоглоомоор бэлэг барилаа.
Төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгөөр хүүхдийн тоглоом авах боломж хязгаарлагдмал байдаг учраас эцэг эх, олон нийтийн байгууллага, албан байгууллагуудын дэмжлэгээр тоглоомын хүрэлцээг нэмэгдүүлдгээ цэцэрлэгийнхэн ярьж байсан. Цаг үеэ олсон дэмжлэг болж байгаад эцэг эхчүүд ч баяртай байна.
Баянхонгор аймгийн хуулийн салбарын байгууллагууд өмнө нь орон гэргүй хоёр өрхийг өргөө цагаан гэртэй болгох, Баянхонгор хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг наргүй ажилладаг үйлчилгээний ажилтнуудад халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг сайн үйлсийг хийж иржээ.
Б.Мөнхзул

相关新闻