Нийслэлд Европын хотуудын стандартыг нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд Европын хотуудын стандартыг нэвтрүүлэхэд зөвлөгөө өгөх зорилгоор ХБНГУ-ын зөвлөх үйлчилгээний "SES" байгууллагын төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
НЗД С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны гуравдугаар сард Европын хотуудад албан ёсны айлчлал хийж, Берлин, Будапешт, Варшав гэсэн томоохон хотуудтай эдийн засаг, соёл, боловсролын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ хэлцэл байгуулсан юм. Хотын дарга энэхүү айлчлалын үеэрээ Улаанбаатар хотын төлөвлөлт, нийгмийн болон бусад дэд бүтцийн үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэхэд туслахыг Берлин Мужийн удирдлагуудаас хүсэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон. Хотын даргын энэхүү хүсэлтийг Берлин мужийн албаны хүмүүс дэмжиж, ойрын хугацаанд арга хэмжээ авч ажиллахаа ч илэрхийлж байсан юм.
SES байгууллагын “Хот байгуулалтын зөвлөх баг” Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгараад байгаа хүндрэл, даван туулах нөөц бололцооны талаар Нийслэлийн удирдлагуудын санал солилцоно. Энэхүү байгууллага нь ХБНГУ-аас дэлхийн бусад улсуудын төрийн болон хувийн хэвшилд үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн байгууллага бөгөөд хот байгуулалтын зөвлөх үйлчилгээнээс гадна байгаль орчин, боловсрол, бизнес, технологийн салбарт нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг аж. 2016 оны байдлаар 1853 мэргэжилтнийг олон улсад илгээсний дотор Монгол улсын хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллага SES –ээс үйлчилгээ авчээ.
Ч.Ариунболд