Музейд загварын шоу толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-09-15 09:28:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 382 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Монгол костюмс” ХХК, "Sound of Mongolia" ХХК хамтран "ТАРА" загварын шоуг энэ сарын 25-нд зохион байгуулна.

Дизайнер Б.Энхбаатар Өндөр гэгээн Г.Занабазарын ертөнцөөс хэтийсэн үнэмлэхүй гоо сайхныг бүрэн төгс илэрхийлсэн лагшин дүрийн шүтээнийг бүтээсэн агуу их бүтээлээр хөглөгдөн Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх бүтээлээс сэдэвлэн эмэгтэй хүний эрхэм төгс нандин сэтгэл, бие бялдрын гоо сайхантай уялдуулан өөрийн өвөрмөц, орчин цагийн өнгө аястай загваруудаа тус музейн тансаг, нууцлаг орчинтой хослуулан үзэгчдийг уран бүтээлийн ертөнцөөр аялуулах юм.

Эмэгтэй хүний уян тансаг үнэмлэхүй гоо сайхан, хүнлэг ариун сэтгэлийг урлагийн олон чиглэлээр үзэгчдэд мэдрүүлэх таниулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой тус загварын шоунд дотоодын шилдэг загвар өмсөгчид алхаж, соёл урлаг салбарын төлөөлөл уран бүтээлээ толилуулна.

"Монгол костюмс" ХХК-ийн хамт олон тус шоуны орлогын 30 хувийг музейн хадгалалт хамгаалалтад хандивлах аж. 

Ж.Болор
相关新闻