А.Баасансүрэн: Ноос, ноолууран бүтээл гэрт дулаан уур амьсгал, сайхан энерги бүрдүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-25 16:32:21

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын эсгий урлаг, урлал дизайны нэгдсэн холбооны уран бүтээлч, зураач А.Баасансүрэн ноолууран зургийн шинэ урсгалыг Монголдоо хөгжүүлж байна.


Түүнийг дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестивалид оролцож байх үеэр нь уулзсан юм. Уран бүтээлч А.Баасансүрэн ярихдаа, "Би Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлээр төгсөж, ноосоор зурмал зураг анх зурж эхэлсэн. Ноосны ширхэг бүдүүн учир нарийн, бодит зураг гаргахад бэрхшээлтэй байсан. Иймээс илүү уян хатан, нарийн ширхэгтэй ноолуур ашигласан. Ноолуурын микро нь нарийн учир нарийвчлалтай зураг хийхэд ноосноос дутахгүй зохимжтой. Ноос, ноолууран бүтээл гэрт дулаан уур амьсгал, сайхан энергийг авчирдаг. Бөөгийн амьтны дүрстэй хөллийг эсгийгээр хийдэг нь гадаад ертөнцийн энергийг дуудах онцгой чанартай гэж үздэг"  хэмээв.


Тэрбээр “Ноолууран зулхай урлал” бие даасан үзэсгэлэнгээ "Монгол арт галерей"-д 2021 онд гаргаж, шинэлэг бүтээлээ толилуулж байв. Ноолууран зургийн бүтээл нь реалист чиглэлтэй. Байгаль, амьтан, морь, чоно, хурга зэрэг үслэг амьтдыг голчлон дүрслэдэг нь түүний багадаа хөдөө таван хошуу малтай ойр өссөнтэй холбоотой аж.


Түүний “Амарбаясгалант хийд” бүтээл 2022 оны “Монголын сайхан орон” үзэсгэлэнд чимэглэх урлагийн шилдэг бүтээлээр, мөн “Нүүдэлчдийн өв соёлын шилдэг 10 бүтээл”-ийн нэгээр тодорч байв. Одоогоор МУЭ-ийн гишүүн, Соёлын тэргүүний ажилтан, олон улсын инновацын төвөөс “Ноолууран зургаар зохион бүтээгч” цол хүртжээ.


Ташрамд дурдахад, түүний бүтээл Францын Нант хотод зохион байгуулсан жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд гарч байв. 






相关新闻