Лүн сумынхан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-15 06:20:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумынхан энэ сарын 12-ний өдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ.

Тус арга хэмжээний үеэр Лүн сумын уугуул Д.Төмөр-Очирын хөшөөнд цэцэг өргөж, Хэлмэгдэгсдийн хөшөөнд сумын хилс хэрэгт өртөж хэлмэгдсэн иргэдийн үр ач нарт хүндэтгэл үзүүлэв.

Мөн “Хэлмэгдүүлэлт” онол, практикийн бага хурал сумын ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав. Хурлаар “Хэлмэгдүүлэлтийн хор уршиг”, “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ”, “Хэлмэгдүүлэлтэд өртөж явсан өвөг эцгийнхээ тухай” зэрэг сэдвүүдээр Сумын ИТХурлын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа, Лүн сумын ЕБСургуулийн сурагч Г.Булганзаяа, Д.Энхтүвшин нар 120 гаруй сурагчдад илтгэл тавьсан юм.

Хэлмэгдүүлэлтэд тус сумаас 123 иргэн өртсөн бөгөөд 96 иргэн цагаатгагдаж, үлдсэн иргэд материал дутуу, архивт лавлагаа байхгүй гэсэн шалтгаанаар цагаатгагдаж чадаагүй байгаа аж. Цагаатгагдсан 96 иргэний 12 иргэнд төрөөс нөхөн олговор олгогдсон байна.

Т.Есүхэйтөмөр
相关新闻