Байгаль хамгаалагчид бартаат замын туулах мотоциклтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-10 16:36:28
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгонтэнгэрийн Дархан Цаазат газар, Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний Паркуудын хооронд эгч дүүс парк байгуулах ёслол болж “Rally for Rangers" сангаас Отгонтэнгэрийн УТХГ-ын байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулан өглөө.

Энэ үеэр Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар эгч дүүс паркийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Эгч дүүс парк байгуулсанаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулах олон талын ач тустайг хоёр тал онцоллоо. Мөн үеэр "Rally for Rangers" сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж YAMAHA маркийн  бартаат замын 10 мотоциклийг АНУ, Австрали, Канад улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр уулын өвөр хүртэл 1600  км замыг туулан  ирж Отгонтэнгэрийн УТХГ-ын 10 байгаль хамгаалагчдад  гардуулан өглөө. 

Энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Үндэсний Паркийн захиргааны орлогч дарга Том Медема, Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош, Калифорнийн их сургуулийн төлөөлөл Стив Шакилтон, АНУ-ын ЭСЯ-ны Хүрээлэн  буй орчин, ШУ, технологи, эрүүл мэнд хариуцсан ажилтан  Onejin Wu, орчуулагч Дарьсүрэн,БОАЖЯ-ны сайдын зөвлөх Өнөдэлгэрэх, БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Хуулийн хэлтсийн дарга Раднаа, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын албаны хүмүүс, орон нутгийн удирдлагууд, малчид, иргэд оролцлоо. 

Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийг Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Зочид төлөөлөгчид Улаагчны хар нуурын БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгалийн үзэсгэлэнт газруудын хамгааллын байдалтай танилцаж Монгол Eлс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцлоо.
Б.Мягмарсүрэн
相关新闻