Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй Ээлжит бус чуулган түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-09-07 18:19:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүдийн байр суурийг тоймлон хүргэвэл:

Ч.Улаан: Өнөөдрийг хүртэл би аль ч талд орж байр суурь илэрхийлээгүй явж ирсэн. Шийдвэр гаргах цаг дөхөх тусам асуудлууд тодорхой болж байна. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд зарим зүйл ил боллоо. Хууль хүчний байгууллагад захиалга өгч тагнаж чагнасан зүйл байхгүй юм байна, гэхдээ тагнаж чагнасан зүйл байгаа учир шалгаж байгаа юм байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд ойлгомжгүй зүйлүүд ч гарч ирлээ. Яагаад Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудалд холбогдсон гэгдээд буй хүн оролцож, тэгээд хурлын явцыг нийтэд дэлгэж байгаа юм бэ? Бодитой дүгнэлт хийхэд албан тушаал эрх мэдэл саад болж байгааг ойлгож авлаа. Тиймээс намынхаа эрх ашгийн төлөө бүгд ижил нөхцөлд очих нь зөв. Ингэж байж намынхаа үйл ажиллагаанд бодитой дүгнэлт хийж чадах юм байна.

С.Жавхлан: Миний бие улс орны хэцүү байгаа байдлаас гаргаж чадна гэсэн итгэл харагдаагүй учраас Засгийн газрыг огцруулах  саналтай байгаа. Засгийн газар байсан байгаагүй ямар ч нэмэргүй.  Гэхдээ та нар багш нарын цалин нэмэх асуудлаар яагаад Ээлжит бус чуулган зарлаагүй юм бэ? Улс орны өмнө тулгамдсан маш олон асуудал бий. Хэдэн сарын өмнө бурхан шиг гаргасан хүмүүсээ буг шиг болгочихлоо одоо. Дараагийн томилгоог би маш анхааралтай харна, ажиглана. Эх оронч залуучуудаа гаргаж ирэх гэж шахна.

Д.Эрдэнэбат: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Би өмнө нь хэлж байсан. Засгийн газрыг цөөнх биш олонх унагаадаг. 10 сарын өмнө та нар их бярдаж байна даа гэж олонход хэлж байсан. Эрх зүйн шинэчлэл хийж чадахгүй, шуналдаа хөтлөгдөж мөнгөний асуудалд орооцолддог, буруугаа бие биедээ чихдэг ийм олонх байснаас энэ УИХ тарвал яасан юм бэ? Би ингэж бодож байна. Нам дотроо амь нэгтэй байж чадахгүй бол ард түмэнтэйгээ амь нэг байж чадахгүй.

Н.Оюундарь: Бид 24:00 цаг хүртэл хуралдана. Тэгж байхдаа бид үнэхээр дотоод эв нэгдлийнхээ төлөө шийдвэр гаргана гэж найдаж байна. Энэ их хурал Засгийн газрыг унагавал харамсалтай байх болно. Сөрөг хүчний орон зай өнөөдөр их үгүйлэгдэж байна. Нам дотроо бид сөрөг хүчин болох гээд байгаа юм уу. Тийм дүгнэлт хүртэл хийж болохоор байна. Сөрөг хүчин сайн болгоныг хуваалцдаг хэрнээ алдаа дутагдлыг нь эрх баригч руугаа чихдэгийг болих хэрэгтэй. Намынхаа гишүүдэд эв эеэ бодсон шийдвэр гаргахыг уриалж байна.

Г.Мөнхцэцэг: Засгийн газрыг огцруулах тухай шаардлага тавьсан. АН-тай нийлж засгаа унагааж байна гэж олон хүн ярьж байна. АН-ын буруу биш, тэдний зөв. Энэ орчлон эсрэг тэсрэгийн нэгдэл дээр оршдог. Харин Засгийг унагах гэж байгаа нь бидний буруу. Засаг уналаа гэхэд энд сууж байгаа нэг ч хүн хохирохгүй. Харин ард түмэн хохирно. Тиймээс нөхөд маань бодох байх гэж итгэж байна.

Н.Лүндээжанцан: УИХ-ын олонх нь Засгийн газраа бүрдүүлдэг. Огцруулах механизмын тухайд нэр бүхий гишүүдийг буруутгахгүй. Гэхдээ аргын хувьд эхлээд бүлгийн дарга Д.Хаянхярваад тавих ёстой. Шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь арга замын хувьд буруу болоод байгаа юм.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд дотоод итгэл үнэмшил байгаа учир гарын үсэг зурсан. Концессыг буруутгаагүй, харин Засгийн газрын гишүүд нь ашиг сонирхол нэгтэй компаниуддаа өгснийг буруутгаж байна. Хүүхдийн мөнгө олгосныг буруутгаагүй, харин төсөвтөө тусгаж, УИХ-аараа хэлэлцүүлээгүйг буруутгаж байна. Буруугаа бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Наадмын өмнө 49 хувьтай байсан рейтинг, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 13 хувь болтлоо унасан. Соёлтой нийгэмд Ерөнхий сайд уучлал гуйгаад огцрох ёстой.

Н.Билэгт: Засгийн газрыг муу ажилласан гэж үзэхгүй байна. Намын дотоод асуудлаа төрийн хямрал болгож болохгүй. Хоёр сар хүрэхгүй хугацаатай түр Засгийн газар байгуулах юм уу?

Б.Баттөмөр: Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь энэ 14 сард тавигдчихаж болох байсан. Ажил хийж байгаа байх, гэхдээ чамлалттай байна. Өнгөрсөн 14 сард том том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр аль нь ч хөдөлсөнгүй. 

Засгийн газрын гишүүдийн илэрхийлсэн байр суурийн тухайд:

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: Түүхэнд анх удаа олонх болсон нам өөрсдөө байгуулсан Засгийн газраа унагах гэж байна. Түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд унасан буруугаа Засгийн газарт тохох гэж байна. Манай намын зарим гишүүд АН-ын гишүүдийн хамт Засгийн газраа унагаах кноп дарах гэж байна. Монголын бүх хүүхдэд Хүүхдийн мөнгө өгсний төлөө Засгийн газар огцрох ёстой гэж байх шиг байна. Концессын асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй. Надтай, миний гэр бүлийн хүнтэй холбоотой асуудал ярьж байна. Улсаас би нэг ч төгрөг идээгүй шүү гэдгийг хариуцлагатай хэлье. Засгийн газар өнгөрсөн жил байгуулагдахдаа -1,3 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээн авч байсан бол өнөөдөр 5.3  хувийн өсөлттэй болгосон, Хөгжлийн банк, Чалкогийн өрийг 7-8 сард төлсөн. Эдийн засагт нааштай үр дүн гарч, хөрөнгө оруулалт 13 хувиар нэмэгдсэн. Засгийн газрыг огцруулах асуудал шалтгаан гэхээс илүү шалтаг юм биш үү. 65 гишүүний “тогоо”-ндоо ярих асуудлаа УИХ, Засгийн газартаа авч ирж нааж байгаа нь эмгэнэл. Түүхэнд үлдэх байх. Бидэнд сонгогчид, намын гишүүд дүнгээ тавьж байгаа. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ: Би та бүхнийхээ итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарыг тэргүүлээд нэг жилийн хугацаанд ажилласан. Олон салбаруудад сахилга, хариуцлага суларсан байна. Энэ бол ганц хоёр жилийн дотор бий болсон нөхцөл байдал биш. Олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал. Тиймээс ч би хаалттай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт бий болоод байгаа асуудлыг хөндөж байсан. Хуулиараа улстөрийн дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бол УИХ. 2016 оны хууль эрхзүйн зохицуулалтаар Зэвсэгт хүчний бүх хамаарал Ерөнхийлөгчид очсон. Шинэ хуулиар сайдын эрх мэдэлд байсан бүх түвшний томилгооны ажил байхгүй болсон. Удирдлагын томилгоог хийж байж бодлогоо хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг. Ийм боломж үнэхээр хязгаарлагдмал болсон.
Улс орны эдийн засаг маш хурдтай унасныг бид мэднэ. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө Засгийн газар их ажилласан. Авч хэрэгжүүлсэн тодорхой зөв бодлогын үр дүнд эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны ирээдүйн том зургаар харвал нилээн эгзэгтэй цаг үе ирсэн учраас Засгийн газрыг унагаах асуудалд УИХ нухацтай, бодитойгоор хандах зайлшгүй шаардлагатай.

Байгаль, аялал жуулчлал, орчин ногоон хөгжлийн сайд Г.Оюунхорол Жил гаруйн хугацаанд Засгийн газар сайн ажилласан гэж дүгнэдэг. Бид 1.2 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн бол МАН-ын сонгуульд амласан амлалтын тодорхой хувийг биелүүлэх эхлэл тавьсан. Бүгдийг хараар будах хэрэггүй.  Засгийн газар үр дүнтэй ажиллаж чадсан. Аж ахуй нэгжид нэг хувийн татвартай болгосон. Оюутан олсон орлогоороо 10 жилийн дараа төлбөрөө төлөх боломж олгосон, ахмад настанд “Насны хишиг” олгосон гэх олон чухал хууль тогтоомжийг УИХ, Засгийн газар хамтарч гаргасан. Ер нь Засгийн газраа унагааж тогтворгүй байдал бий болгоход ард иргэд л хохирдог. 14 удаа Засгийн газрыг огцруулахад хохирсон нь ард иргэд байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Бямбацогт: 2016 онд ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 гишүүн сонгосон. Биднийг нийгмийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийг өсгөж, бас тогтвортой ажиллаж чадах байх гэж саналаа өгсөн. Гэтэл харамсалтай нь жилийн дараа ард иргэдийнхээ итгэл рүү ус цацаж, Засгийн газраа унагаах гэж байна. Засгийн газар чадлаараа ажилласан. Гэмт хэргийн гаралт 17 хувь буурсан, олон шинэ хууль батлагдаж, эрх зүйг шинэчилж байна. Концесст би холбогдсон 2013 онд Алтанхуягийн Засгийн газрын гэрээнд Чойрын станц орсон. Би ажлаа өгч байгаад шалгуулна, гэмт хэрэг үйлдээгүй, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ шалгуулна. Зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд нэгнийгээ харлуулж гүтгэх хэрэггүй. Энэ хатуу хүтүү үг чинь 2020 онд бидний эсрэг ашиглагдана.

Гишүүд энэ мэт байр сууриа илэрхийлж, Ээлжит бус чуулган улмаар 15 минутын завсарлага аваад байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻