Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахлахаар болжээ.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байгаа юм.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба “Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа УИХ-ын индрээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна гэж зарласан. Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцжуулалтын тусгай банк байгуулах санал боловсруулж, наймдугаар сарын 13-наас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал ахалж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчны сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй албаны хүмүүс багтсан. Ингэснээр Орон сууцжуулалтын банк байгуулна гэсэн Ерөнхий сайдын бодлого ажил хэрэг болох эхлэл тавьж байна” хэмээн ярилаа.
Сүүлийн дөрвөн жилд шинээр олгосон зээлийн
хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа аж. Зөвхөн хөтөлбөрийн
санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий
болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй
шаардлага тулгарч байгааг Засгийн газрын хуралдаанаар хөндсөн байна. Тиймээс
дээрх Ажлын хэсгийг байгуулснаар гаднын орнуудын жишгийн дагуу Орон сууцны
санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, Орон сууцны
санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр
баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжихэд анхаарал
хандуулах юм.