“Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэн 42 дахь жилдээ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-07 16:13:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан танилцуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар түншлэл-2017” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд 42 дахь жилдээ эхэллээ.

Энэ сарын 10-ныг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна ОХУ, Беларусь, Тайвань, Чех, Хонгконгийн компаниуд оролцож байна. “Улаанбаатар түншлэл” бол Монголын бизнес эрхлэгчдийн үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг харуулдаг томоохон талбар юм хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Үзэсгэлэнд 2-20 жил оролцож буй аж ахуйн нэгжүүд бий. Тиймээс энэхүү үзэсгэлэн Монголын бизнесийн нэгээхэн түүх болж байгаа юм” хэмээв.

Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад сав, баглаа, боодол болон тоног төхөөрөмж худалдан авах, түгээх зэргээр олон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах шаардлага бий болдог. Үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүд бусад компаниудтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцах, судлах, түншээ олох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Үзэсгэлэнд Тайваний аж ахуйн нэгжүүд эмнэлэг, цахилгааны тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан болон мод боловсруулах, Чехийн компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөө танилцуулж байна. Мөн Хонгконгууд сувд шүрэн эдлэл, гоёл чимэглэл, ОХУ-аас зөгийн бал, хүнсний бүтээгдэхүүнээ, Монголын аж ахуйн нэгжүүд барилга, эм, гоо сайхан, ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүн болон үндэсний онцлогийг шингээсэн гар урлалаа танилцуулах юм.

Үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал болон сугалаат худалдаа явуулах аж. Мөн үзэсгэлэнд байгаль, экологид ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг НЗД-ын нэрэмжит шагналаар шагнах юм.
 
Ч.Ариунболд
相关新闻