Төгс буянт Жавхлант хийд билэгт сайн өдрүүдэд сүсэгтэн олонд зориулан ном айлтгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
myagmarsuren@montsame.mn
2017-09-07 11:48:19
Завхан /МОНЦАМЭ/.Завханы “Төгс буянт Жавхлант” хийд  нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн шинийн найман, есөн, 15, 29-ний өдөр сүсэгтэн олонд зориулан томоохон судар, ном айлтгалыг хийж эхэлсэн бөгөөд өчигдөр буюу шинийн 15-ны өдөр Маналын дончод, Маналын чого, Найдан чого хэмээх томоохон судар номыг сүсэгтэн олонд айлтгажээ. 
Энэ удаагийн айлтгалд Улиастай сумын 160 орчим сүсэгтэн олон даган баяссан байна. Энэ сарын шинийн 29–нд сахис тахих тэргүүтэн болон сүсэгтэн олны айлтгалын ном унших ажээ. Тус хийд нь 30 гаруй лам хуврагатай, түмэн олны тусын тулд буян үйлдэн өдөр бүр 10:00-16:00 цагийн хооронд өдөр тутмын хурал хурдаг ажээ. Мөн Завхан аймагт бурхны шашныг дэлгэрүүлэх, лам хуврагуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөдөө сумдын хийдүүдийг сэргээн, байнгын үйл ажиллагаатай болгох, боловсон хүчнээр хангах, лам болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг хийддээ шавилан суулгаж, уншлага, чойр \буддын гүн ухаан\, нэр орчуулга, ая дан зэрэг хичээлүүдээр амжилттай сургаж байна. Өнөөдрийн байдлаар “Төгс буянт Жавхлант” хийдэд 21 лам хүүхэд шавилан суралцаж байна.
Б.Мягмарсүрэн
相关新闻