100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханмандал сум энэ хичээлийн жил улсын төсвийн нэг тэрбум 420 сая төгрөгийн санхүүжилтээр 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн байр барьж, хүүхдүүдээ хүлээн авчээ. Өмнө нь тус цэцэрлэгийн хүүхдүүд 50 хүүхдийн хүчин чадалтай, ердийн галлагаатай, тохь тух муутай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд хичээллэж байжээ.
Харин шинэ байртай болсноор нэгдсэн халаалт, цэвэр бохирын шугаманд холбогдсон дотроо ариун цэврийн өрөөтэй, тохь тухтай орчинд хүүхдүүд хүмүүжиж байна. Цэцэрлэгийн шинэ байрыг дагалдуулан БСШУСЯ-наас 11 сая төгрөгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, 13 сая төгрөгийн тавилгыг нийлүүлсэн байна. Мөн ОНХС-ийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж, аймгийн Засаг даргын нөөц сангаас таван сая төгрөгөөр чийрэгжүүлэлтийн танхимтай болжээ. Мөн тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч н.Энх-Амгалан нэг бүлгийн иж бүрэн тохижилтыг 10 сая төгрөгөөр хийж өгсөн гээд тус цэцэрлэг олны хандив дэмжлэгээр ийнхүү бүрэн дүүрэн тохижилттой бяцхан эздээ хүлээн авчээ.
Дашрамд дурдахад, тус цэцэрлэгт 102 хүүхэд суралцаж байгаа бөгөөд цэцэрлэгийн хүүхдийн хамран сургалт 96.7 хувьтай байгаа аж.
Б.Мягмарсүрэн