Нарантуул худалдааны төвийн арын замыг Оффицеруудын ордны аюулгүйн тойрогтой холбоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-05 12:03:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу “Нарантуул” худалдааны төвийн арын хаалганаас “Цагаан хуаран” хотхон хүртэлх 1.2 км автозамын бүтээн байгуулалт дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.

Нийт 986 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү автозамыг “Лорд Скай”, “Бумбат даваа” компанийн нэгдэл барьсан байна. 2018 онд Оффицеруудын ордны аюулгүйн тойрогтой холбохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр нийслэлийн зүүн чиглэлийн автозамын ачаалал 20 хувиар буурна гэж тооцож байгаа хэмээн Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нээлтийн үеэр онцлов.

Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Миний бие 2016 оны УИХ-ын сонгуулиар энэ тойргоос сонгогдсон. Сонгогчидтойгоо уулзах бүрт энэ хэсгийн автозамыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлдэг байсан. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа. Цаашдаа автозамын бүтээн байгуулалтыг үргэлжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.

Энэхүү хэсэгт хатуу хучилттай автозам байгаагүйгээс тоосжилт ихээр үүсч, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий иж бүрэн автозам байгуулснаар дээрх асуудал шийдэгдэж байгаад баяртай байна хэмээн тус хорооны иргэд хэллээ.

Мөн үеэр Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Тогтохбаяр, “Улаанбаатар хотын автозамын бүтээн байгуулалт үргэлжилсээр байна. Өнөөдөр Гэмтлийн эмнэлгийн уулзвараас III, IV хорооллын эцэс хүртэлх автозамын бүтээн байгуулалт дуусч байгаа. Энэхүү автозам хоёр урсгал, хоёр эгнээтэй байсан бол есөн метр өргөн, хоёр урсгал, гурван эгнээтэй болж өргөтгөсөн юм. Уг замыг Нэгдүгээр хорооллын арын дэнж-21 дүгээр хороолол-Толгойт-Орбит-Найрамдал гэсэн чиглэлээр өргөтгөж, улмаар Дарханы автозамтай холбох юм. Ингэснээр нийслэлээс баруун аймгууд руу гарах хоёр гарцтай болж, автозамын түгжрэл 30-40 хувиар буурна хэмээн үзэж байна” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻