Санхүүгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-09 18:06:34
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Сангийн яамнаас зохион байгуулж буй орон нутгийн санхүүгийн ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалтад 27 сум болон Говьсүмбэр аймгийн 100 гаруй санхүүгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. 

Сүүлийн гурван жилд санхүүгийн боловсон хүчний 30-40 хувь бүрэн шинэчлэгдэж, ажлын туршлага багатай байгаа нь судалгаанаас харагдаж байна. Үүнээс шалтгаалж төсвийн хэрэгжилтэд гарах алдаа дутагдал буурахгүй байгаа аж. Тиймээс Төрийн сангийн тогтолцоог сайжруулахын тулд төрийн санхүүгийн үйлчилгээг орон нутагт хүргэж байгаа төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа талаар зохион байгуулагчид онцолж байв.

Сургалтаар Төрийн сангийн орон нутгийн боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх, орон нутагт төсвийн хэрэгжилтийг хамгийн бага эрсдэлтэйгээр зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Санхүүгийн мэргэжилтнүүд хоёр өдөр үргэлжлэх онол болон дадлага хосолсон сургалтаар төсвийн бодлого, төлөвлөлт цаашдын чиг хандлага, төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудлуудаас гадна төсвийн модулийн v7 программ дээр ажиллаж сурах аж.

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻