Дэлбэрэлт болж нэг хүн амиа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-05 11:37:16
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо дэлбэрэлт болж нэг хүн амиа алдаж, нэг шархаджээ.

Өчигдөр 12 цагийн орчим Таван толгой сургалтын төвөөс 26 километрт тус сумын гуравдугаар багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан бол тус багийн иргэн 48 настай Т дэлбэрэлтэд өртөж ар нуруундаа шархаджээ. Эмнэлгийн анхан шатны тусламжийг Т-г үзүүлж, цэргийн төв эмнэлэгт иргэн хүргэсэн байна. Одоогоор иргэн Т-ийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарна.

Нөхцөл байдлын талаар иргэн Т хэлэхдээ: Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн байна.

Цагдаагийн байгууллага болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулан ажиллаж байгаа бол Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл, яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг судалж байна.

Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Таван толгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг хэмээн аймгийн Цэргийн штабын дарга Б.Эрдэнэбат хэллээ.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻