Б.Нандин-Эрдэнэ:Монголын кинон дахь орлон тоглогчийн үүргийг өндөрт гаргахсан гэсэн бодол бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Болдбаатарын Нандин-Эрдэнэ хэмээх Дорнодын залуу Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын “Jump” театрт жүжигчнээр ажиллаж байна. Энэхүү “Jump” театр нь Comic Martial arts Performance буюу монголчилбол инээдэм, тулааны урлагийг хослуулсан үзүүлбэрийн төрөлдөө Солонгостоо нэгдүгээрт эрэмбэлэгддэг томоохон театрт тооцогддог. Түүнтэй тоглолтын бэлтгэлийнх нь үеэр цахим яриа өрнүүлэв.
-Өдрийн мэнд. Урилга хүлээж авч, зав гарган холбогдсонд баярлалаа. Жүжгийн бэлтгэлтэй байна уу?
-Баярлалаа. Яг одоо театр дээрээ ирээд бэлтгэлээ эхлэх гэж байна. Орой тоглолттой.
-Театрынхаа тухай сонирхуулаач. Жүжигчнээр ажиллаад удаж байна уу? Яг одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-13 жилийн турш нэг зохиолоороо тоглож байгаа жүжиг л дээ. Тулааны үзүүлбэрийг түлхүү оруулсан гэж хэлж болно. Театр маань байгуулагдаад 14 жил болж байна. Энэ төрөлдөө Солонгост номер нэг гэгддэг. Дөчөөд жүжигчинтэй. Зургаан Монгол жүжигчний хоёр нь Дорнодынх. А.Лхагвасүрэн гэж манай Дорнодын залуу жүжигчнээр ажиллаад хагас жил болж байгаа. Би энэ жүжигт хулгайч, бас аавын дүр, Лхагваа маань өвгөний дүр бүтээж байна. Миний хувьд театртаа 5 дахь жилээ үдэж байна. 2009 онд ШУТИС-ийг барилгын архитектор мэргэжлээр төгсөөд 2012 онд Солонгост ирсэн.


-Архитектор мэргэжилтэй хүн ямар сэжмээр Солонгост очоод жүжигчин болж урлагтай холбогдчихов?
-Багаасаа таеквондогоор хичээллэж, оюутан болж Улаанбаатарт ирэхдээ гимнастикийн зааланд өнжиж байж акробат сурсан. Зодооны урлагаар хичээллэдэг болохоор оюутан байхаасаа кинонд орлон тоглож, цаашид энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэл маань дийлж, жүжигчний шалгалтад тэнцсэнээр Солонгост ирсэн. Дорнодынхоо хоёр найзтай хамтарч “Action crew” нэртэй киноны орлон тоглогчдын багийг санаачлан байгуулсан маань Монголдоо зодоон тулаантай киноны салбарт номер нэгт явна.
-“Аction crew”-гийн тухай сонсож байсан шүү. Одоо хичнээн кинонд тоглоод байгаа вэ?
-Хамтран ажилласан кинонуудаа саяхан нэг тоолсон нь “Татар ажиллагаа”, “Жексон амьд”, “Ану хатан”, “Үргээлэг 1,2”, “Зангараг”, “Эх орон дуудаж байна”, “Гурван найз” сериал гээд 30 хол давсан байна лээ. Саяхан манай хэд “Сахиусан тэнгэр” кинонд тулааны найруулга, дүр, орлон тоглогчоор ажилласан. Миний хувьд ойрын хэдэн жилдээ энд ажиллаж суралцаж, орлон тоглогчийн салбар руу орох бодолтой байна. Сурч мэдэж, илүү мэргэшсэн хойноо Монголын кинон дахь орлон тоглогчийн үүргийг өндөр түвшинд гаргахсан гэдэг холын бодол бий шүү.
-Ер нь манай Монгол залуусын авьяас чадварыг хэр үнэлдэг вэ?
-Илүү гарна уу гэхээс дутахгүй шүү. Нэн ялангуяа акробат, сэлэм, тулааны үзүүлбэрт манайхны гаргууд чадамгайг гайхдаг. Орлон тоглогчоор үзээд алдахад ч авъяас чадвараар дутахгүй гэж би хувьдаа боддог.
-Сайхан сонсогдож байна. Амжилт хүсье. Танай тоглолтыг ихэвчлэн жуулчид үзэж байна уу? Солонгост урлагийг үнэлэх үнэлэмж хэр байдаг юм бол?
-Ид халуун өдрүүд үргэлжилж байгаа болохоор жуулчдын тоо татардаг үе. Ер нь Солонгост 10-12 дугаар сард цаг агаар маш тааламжтай байдаг. Энэ үеэр харин жуулчдын хөлд дарагддаг. Тэр хэрээр манай теартыг зорих нь ихэснэ. Бусад үед ч Солонгосчууд өөрсдөө үзэж сонирхдог. Мэдээж уран бүтээлч, урлагийн үнэлэмж манайхтай харьцуулах юм бол хэд дахин өндөр л дөө.


-Солонгос орны тухай яриач. Таван жил гэдэг бага хугацаа биш. Идээшин дассан байх?
-Идээшин дасалгүй яахав. Ер нь Монголчууд аливаа орчинд дасахдаа амархан шүү дээ. Солонгос орны тухай цухас сонирхуулахад, залуусынх нь өндөр соёлтой, цэвэр цэмцгэр байдал надад нэгийг бодогдуулдаг шүү. Ах захтай, бие биеэ хүндлэх, хүнд урам өгөхдөө сайн ард түмэн. Энд байр, орон сууц их үнэтэй болоод ч тэр юм уу, хүмүүс нь нэг газраа удаан амьдрахаас илүүтэй энд тэнд түрээсийн байр дамжин нүүж суух нь их. Тэр хэрээр амьдрал нь сонирхолтой байдаг гэж өөрсдөө ярьдаг. Үүнийг дагаад нүүлгэлтийн ажил элбэг. Манай 3 сарын хугацаатай ирсэн Монголчууд айл нүүлгэлтийн ажил их хийдэг.
-Гурван сараар очиж байгаа Монголчууд гэснээс тэд маань голдуу ямар ажил эрхэлж байх юм?
-Монголд эдийн засаг хүндэрсэн болоод ч тэр үү, 2015 оны зунаас манайхан олноор ирцгээх болсон. Тэдэн дунд “харлаж” үлдэх сонирхолтой улсууд ч бий. Янз бүрийн ажил хийдэг дээ. Ихэвчлэн хөдөө рүү ногоо хураах ажилд явдаг. Ер нь энд цагийн ажил их болохоор хүмүүст ажил олдоод л байдаг юм.
-Солонгосын хотуудаар аялж зугаалах цаг зав хэр гарч байна. Хамгийн сайхан хот аль нь вэ?
-Манайх жилийн 360 хоногийн турш тоглодог. Гэхдээ нэг дүр дээр 3-4 хүн байдаг болохоор сар сараар хувиар гарчихна. Хувиаргүй өдрүүддээ зугаалах аялах бүрэн боломжтой. Ер нь Солонгосын бүх хотод очиж үзсэн дээ. Угаасаа тоглолтоор Солонгосыг тойрчихдог юм. Надад Пусан хот сайхан санагддаг. Гоё дизайнтай, өндөр байшин барилгатай, далайн эрэг дээрх хот шүү дээ.
-За баярлалаа. Амжилт хүсье. Зорьсондоо хүрээд эх орондоо ирэхийн ерөөл тавья.
Д.Дэлгэрмаа