Хоёр багийг холбосон шинэ зам ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-30 14:48:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км авто зам, Баянхошуу багийн 2.5 км нийт зургаан километр хатуу хучилттай авто зам баригдаж дууссан бөгөөд шинэ авто замын хөдөлгөөний нээлт өчигдөр болов.

Уг замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдээгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас  эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байжээ. Нийт 4.8 тэрбумын өртгөөр хийгдсэн тус замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна.

Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн зургаан километр үргэлжлэх хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун Зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдлээ.

Машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдлоо өгөх зам болж буй талаар нутгийн иргэд талархалтай байв.

Дашрамд дуулгахад  “Ялгуусан” ХХК-ний ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Нээлтийн үеэр Онцгой байдлын газраас тус компанийн нэр бүхий ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻