Дулаанхаан өртөө-Ерөө-Хүдэр сумын чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-23 19:40:41
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хоймор нутаг, хойд хилийн бүс Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх Олон Улсын авто замтай, Хүдэр, Ерөө сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.
Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр чиглэлийн 104.5 км хатуу хучилттай замын эхний ээлжийн 65 км хатуу хучилттай авто замыг барьж, ашиглалтад оруулан, замын хөдөлгөөнийг нээх эл арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Батжавхлан, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон албаны хүмүүс, нутгийн иргэд оролцлоо.
Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа:-“Бидний толгойн өвчин болж байсан олон жилийн мөрөөдөл болж байсан ажил өнөөдөр шийдэгдлээ. Энэ зам ашиглалтад орсноор Сэлэнгэ аймаг болоод Ерөө бүсийн сумдын ард иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэж байна. Цаашлаад энэ бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэнэ. Ард иргэдийн амьдрал ахуй, цаашлаад орон нутаг болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ахиц гарах ажил боллоо” хэмээн хэлсэн юм.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумын хөгжил дагуулах хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнесийн байгууллагуудын тээврийн өртгийг бууруулах, орон нутагт аялал жуулчлалын эргэлт нэмэгдүүлэх, байгаль орчин, хөрсний бохирдлыг эрс бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм. Ерөө бүс буюу Сэлэнгэ аймгийн энэхүү бүс нутагт Жавхлант, Ерөө, Хүдэр, сумдын нийт 10 гаруй мянга орчим хүн ам оршин амьдардаг. Мөн Монгол Улсын газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Мөн энд Хүдэр сумын байгалийн үзэсгэлэнт бүс нутаг, Ерөөгийн халуун рашааныг түшиглэн аялал жуулчлал даган хөгжих бололцоотойгоороо анхаарлын төвд оршиж байгаа.
Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа юм байна. Уг концессын гэрээний хүрээнд зам, тээврийн салбарын хоёр төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү хоёр төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй ордоос Ерөө суманд байрлаж буй “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьж, өнгөрсөн оны 12 сард ашиглалтад оруулжээ. Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох “Дулаанхааны дөрвөн замын уулзвар–Ерөө сум–Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж буйг Зам, тээврийн сайд Д.Ганбат энэ үеэр онцоллоо.
Уг ажлын гүйцэтгэгчээр Монголын  “Пик девелопмент” ХХК ажиллаж байгаа бөгөөд үлдэж буй 30 км хатуу хучилттай авто замын далан, суурь, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил хийгдсэн, гэрээний дагуу энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж гүйцэтгэгч тал хэллээ. Замын бүтээн байгуулалтад монголчууд ажилчид ажиллаж байгаа юм.
Ерөө, Хүдэр чиглэлийн энэхүү хатуу хучилттай замын өргөн нь 10 метр, таван см-ийн зузаантай асфальтан хучилт, 20 см-ийн зузаан буталсан чулуун суурьтай гэнэ. Мөн хөлдөлтөөс хамгаалсан далан, хоолой, тэмдэглэгээ, цагаан зураас гээд бүх зүйл нь стандартын дагуу тавигдсан байна.  
Ч.Отгонцэцэг
相关新闻