Долоон настай хүүгийн амийг хөнөөсөн этгээдүүдэд 15-23 жилийн ял оноов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-23 11:30:02
Дорнод /МОНЦАМЭ/. Долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн этгээдүүдэд 15-23 жилийн ял оноолоо. Хэргийг сөхвөл, өнгөрсөн оны 9-р сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт 7 настай хүү амиа хорлосон гэсэн дуудлага Цагдаагийн газарт иржээ.
Дуудлагын мөрөөр шалгахад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоож, уг хэрэгт Б.Барсболдыг холбогдолтой гэж үзэн саатуулсан байдаг. Талийгаач хүүгийн эцэг залуу бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, улмаар гэр бүлээ цуцлуулан хүүгээ орхиж чадахгүй гэснээр бүсгүй хамаатны дүүдээ захиалга өгч, хүүгийн амийг хөнөөлгөжээ.
Энэ сарын 21, 22-нд дээрх хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийж З.Сэлэнгэд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Б.Барсболдод 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрэг үйлдэх үедээ Б.Барсболд хулгайн хэргээр шалгагдаж байсан бол З.Сэлэнгэд шүүхээс ял оноох хүртэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэж баттай эх сурвалж мэдээлэв.  
 Д.Дэлгэрмаа
相关新闻