Цусны салбар төвд 66 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-21 14:40:59
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний хэмжээ жил бүр харилцан адилгүй байдаг байна.
Тус аймгийн Цусны салбар төвд 2016 оны байдлаар 82.8 литр цус үйлдвэрлэж үүнээс эмнэлэгт олгогдсон нь 64.3 литр байжээ. Харин өмнөх 5 жилийн байдлыг харьцуулж үзэхэд 2014 онд нийт 104.5 литр цус үйлдвэрлэж эмнэлэгт 89.9 литрийг ашигласан нь бусад онуудтайгаа харьцуулахад арай илүү байдаг. Энэ нь тухайн жилийн онцлог, хүмүүсийн өвчлөл, цусны хэрэгцээнээс хамардаг аж.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв нь анх 1972 онд Цусны станц нэртэйгээр ажил үйлчилгээгээ эхэлж байсан бол өдгөө Цусны салбар төв болон өргөжжээ. Тус төвийн тухайд өнгөрсөн 2016 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд нийт 66 нэр төрөл бүхий 364.3 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдсэн байна. Түүнчлэн цусны албаны эмч, мэргэжилтнүүд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх 8 удаагийн богино хугацааны сургалтанд хамрагдаж чадсан аж.
Мөн эдгээрээс гадна байрны засвар үйлчилгээнд зориулан 22.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд цусны донор бүхий 665 иргэн байгаагийн 252 нь Сүхбаатар суманд,  413 нь бусад сумдад амьдарч, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө авлагаггүй донорын үүргийг сайн дураараа гүйцэтгэдэг байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻