Явган аяллын "20-80" тэмцээнд ХЦ-ийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-19 20:43:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Түүхт ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй олон ажил арга хэмжээний нэг бол орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан ажилчдын дунд зохион байгуулсан "20-80" явган аяллын тэмцээн байлаа.
Энэхүү тэмцээн нь Сүхбаатар сум үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жил, Сэлэнгэ аймагт Мэргэжлийн хяналтын байгууллага  үүсч хөгжсөний 20 жил, Биеийн тамир спортын газар үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Тэмцээнд Сүхбаатар сумын ЕБ-ийн 1, 2, 4, 5, 6-р сургуулиуд, аймгийн МХГ, Спорт сургууль, Статистик, ОБГ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Цагдаагийн газар, “Сэлэнгийн Долгио” чуулга, Авто тээвэр, ХХААГ, Одон орон геологи хүрээлэн, Сүхбаатар сум, Нэгдсэн эмнэлэг, ХЦ-ийн 0243-р анги зэрэг нийт 18 байгууллагын 90 гаруй тамирчид оролцсон байна. Оролцогчид байгууллага бүрээс гурван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчид нэг баг болон, хагас цэргийн зохион байгуулалтанд орж хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлджээ. Тэмцээн багийн сахилга бат, үүргэвчний шалгалт, аяга өрөлт, АХА, хийн буудлага, орантировк гэсэн 5 төрлөөр явагдаж дүнгээ гаргасан байна. Ингээд тэмцээний нэгдсэн дүнгээр ХЦ-ийн 0243-р ангийн тамирчид тэргүүлж, Спорт сургууль, Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн багууд тус тус удаалжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻