Зургаан буудлын оршин суугчид 272 төрлийн үйлчилгээг нэг дороос авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-15 18:05:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн “Оргил салбар”-ын  нээлтийг хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг  нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэв.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм байна.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд болон бусад дүүргийн дамжин өнгөрч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж байна. Цаашид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо авах нөхцлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг гэрээсээ цахимаар авдаг болгохоор төлөвлөж байна. Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нь та бүхний хэрэгцээнд нийцсэн үйлчлүүлэхэд таатай орчин байгаасай гэж хүсч байна” гэлээ.
 Б.Заяа
相关新闻