Шилдэг уран дархчууд мэргэжлээрээ гадаадад суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-15 12:17:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алт, мөнгө, хүрэл, зэс гэх мэт  үнэт металлуудыг шүр, сувд, оюу, номин чулуугаар чимж урласан бүтээл бүхий “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” үзэсгэлэнг  ”Art house center”-т  нээлээ.
 
 Монголын уран дархчуудын ухаан, ураар бүтсэн эл үзэсгэлэнд 27 уран дархны 64 бүтээлийг дэлгэжээ. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Щвейцарийн Хөгжлийн агентлаг (SDC) хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд зарласан уралдааны шилдгүүдийн бүтээлийг дэлгэсэн нь энэ юм.

Бүтээлүүдийг ээмэг, бөгж, зүүлт гэсэн гурван төрлөөр  ангилан шалгаруулжээ. Монгол уран дархны урлагийг хөгжүүлэх, уламжлан өвлүүлэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн брэндийг бий болгох, дархчуудыг сургаж, чадавхижуулах зорилгоор уралдаан зарласныг зохион байгуулагчид нь онцлов.  

Бугуйвч, зүүлт болон  ээмэгний гэсэн төрөлд  “Бүрэн сүх” компанийн уран дархан Э.Отгонбаатар “Хөх гал” бүтээлээрээ тэргүүлжээ. Мөн төрөлд удаах байруудад Б.Батболд, Ц.Болор-Эрдэнэ нарын бүтээл шалгарчээ. Ээмэг урлалын төрлийн дэд байранд уран дархан Х.Гантуяа, гуравдугаар байранд уран дархан Д.Баатарсүрэн нар шалгарав. Харин бөгж урлалын төрөлд тэргүүн байрт уран дархан Б.Батболд шалгарсан бол  уран дархан Н.Гантулга, Д.Баатарсүрэн нар удаалжээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, зураач, барималч С.Бадрал тэргүүтэй шүүгчид шүүж, шилдгүүдийг тодруулсан байна. “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааны төрөл тус бүрт тэргүүлсэн дархчууд гадаадад уран дархны чиглэлээр суралцах эрхийн бичиг гардав.

Дашрамд дурдахад Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлагууд уг төслийг үргэлжлүүлэн Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехникийн коллежтой хамтран уран дархчуудын ур чадварыг сайжруулах, техник, тоног төхөөрөмжөөр хангах, хувиараа алт олборлогч иргэдийг уран дархны эрдэмд сургаж, хөрвөн ажиллах боломжоор хангах, тэдний олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх зэргээр монгол гоёл чимэглэлийн урлагийг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм
 

Б.Заяа
相关新闻