Йогийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-05 17:20:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны ням гарагт их жанжин Д.Сүхбаатарын талбайд Олон улсын йогийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Энэхүү өдрийг угтаж Энэтхэг Улсын ЭСЯ-наас Йогийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд нээлээ.
 
Тус үзэсгэлэнг нээж Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд эрхэмсэг ноён доктор. Т.Суреш Бабу үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ йог нь хүүхдэд оюун санааны болон бие бялдрын хувьд эрүүл өсөхөд тусалдаг учраас хүүхдүүд багаасаа йогоор хичээллэж, йогийн талаар ойлголттой болох нь чухал хэмээн онцолсон.  
 
Уг үзэсгэлэнд йогтой холбоотой нийт 30 зургийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Иргэд энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхсоноор йогийн дасгал, түүнийг хэрхэн хийдэг талаарх ойлголтыг авах боломжтой. Түүнчлэн ямар ч насны хүмүүс йогоор хичээллэснээр эрүүл амьдралын хэв маягт суралцдаг болохын зэрэгцээ нийгэмд эв нэгдлийг авчирдаг гэдгийг үзэсгэлэнгээр харуулах зорилготой.

Нээлтийн арга хэмжээнд Энэтхэг Улсын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ноён Рави Шанкер Гоел оролцов. Үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үнэ төлбөргүй юм. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻