“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр богино хугацаанд үр дүнд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-01 22:36:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 онд 12 төрлийн 1849 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэний 10.3 хувийг сүрьеэгийн өвчлөл эзэлж байгаа аж. Иймээс аймгийн ИТХ-аас тодорхой бодлого баримтлан “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг батлан гаргалаа.
Тус “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг маш богино хугацаанд 2017-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд сүрьеэгийн өвчлөлийн голомтын индексийг бууруулах, хүн амын дундах сүрьеэгийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлж, ялгаварлан гадуурхлыг үгүй болгох, сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмчилгээний амжилтыг 90 хувь. Онош баталгаажилтыг 88 хувь, эдгэрэлтийн түвшинг 90 хувьд хүргэж, нас баралтыг 2016 оны үзүүлэлтээс 10 хувь тус тус бууруулах том зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар зорьжээ.
Хөтөлбөрийн хүрээнд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эрт илрүүлгийг эрчимжүүлэн өвчтөний эмчилгээний үр дүнг нэмэгдүүлснээр сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулах юм. Мөн сүрьеэ өвчний талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлж төгс эмчлэх, өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэлэг, сайн туршлагыг нэвтрүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн сүрьеэгийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зэрэг дэвшил гарах ажээ.
 Ч.Отгонцэцэг

相关新闻