БНХАУ-тай хиллэдэг боомтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-30 10:21:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнасан, "Үндсэн чиглэлийн баримт бичгийг нэлээн сайн үндэслэл дээр батлах ёстой. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал анхаарал татдаг. УЦС бол өөрийнхөө өртгийг нөхдөг үйлдвэрлэл. Өнөөдөр бид урд хөршөөс 280 төгрөгөөр 1 киловатт цахилгааныг авч байна. Тус төслийн ТЭЗҮ-г харахад 37 төгрөгөөр 1 киловатт цахилгаан авах юм байна. Иймд төсөлд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. Мөн боомтуудын үйл ажиллагааг сайжруулахад хэдий хэмжээний санхүүжүүлт оруулах гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулсан. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн эл асуултад, "БНХАУ-ын Засгийн газар буцалтгүй тусламж болгож 350 сая юанийг олгоно. Иймд эхний ээлжинд БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах, дэд бүтцийг өсгөхөд уг мөнгийг зарцуулна. Энэ оны 3 эсвэл 4 дүгээр улиралд тендер зарлагдана. Ингэснээр урд хөрштэй хиллэж байгаа боомтуудын асуудал шийдэгдэнэ. 
 
ОХУ-тай хиллэж байгаа боомтуудын асуудлыг Азийн хөгжлийн банктай хамтарч шийдвэрлэхээр хэлэлцээр эхлүүлсэн. Ингэхээр 2019 оны төгсгөлд гэхэд манай улсын нийт боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн байх болно" гэсэн тайлбарыг өгөв.
 
Байнгын хороо ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцээд  санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻