БНТУ-тай түүх, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тус бүлгийн дэд дарга Д.Бум-Очир нар БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Зулпхар Монгол, Турк орны ард түмэн олон жилийн түүхэн найрсаг харилцаатай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад энэ оны нэгдүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэнд баяртай байгааг илэрхийлэв. Энэхүү түүхэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсон гэдэгт итгэл төгс байна. Мөн БНТУ-ын Ван мужаас сонгогдсон Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу нь хоёр талын харилцаанд идэвх, санаачилга гарган ажилладагт талархал илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Д.Бум-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ван мужийн хөтөлбөрийг зохион байгуулахад өөрийн санаачилгаар оролцож, Ван мужийн Хан тосгонд олдсон Хүлэгү хааны зуны ордны туурийн малтлагын ажлыг урагшлуулах, энэхүү төсөлд түшиглэн цаашид хоёр улсын түүх, соёлын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу өөрийн сонгогдсон Ван мужид Монгол Улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэнд баяртай байгааг илэрхийлж, Ван мужаас олдсон Ил хаант улсын хаан Хүлэгүгийн ордны олдвор нь хоёр орны түүх, археологийн харилцааг хөгжүүлж, Монгол, Турк хоёр үндэстний чухал олдвор болохыг онцлов. Мөн Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй Мэргэн тоньюкукын гэрэлт хөшөөний музейн төсөл нь хоёр орны соёлын гүүр болж цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.