Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ватиканы Апостолын архивд хадгалагдаж
буй Монголын эзэнт гүрний Их хаан Гүюг-ээс 1246 онд Пап Дөрөвдүгээр Инносентод
илгээсэн захидал болон Монгол эзэнт гүрний үед харилцаж байсан захидлуудын
эхийг үзэж сонирхов.
Ватиканы Апостолын номын сан болон архивд дэлхий дахины
түүхийг гэрчилсэн олон гар бичмэл, бүтээл, VIII зуунаас хойших улс орнуудын
хоорондоо харилцаж байсан захидлууд байдаг. Түүний дотор Монголын эзэнт
гүрэн болон Ил хаадаас тухайн үеийн Пап нарт илгээсэн захидал эх хувиараа, Пап
нараас Монголын хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын
бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг.
XII-XX зууныг хамарсан 50 сая гаруй баримт бүхий энэ архив
зөвхөн шашны баримт бичгийн сан биш, дэлхийн соёл, улс төр, шинжлэх ухааны
түүхийг гэрчлэх, хүн төрөлхтний оюуны өвийг хадгалсан үнэт эрдэнэ гэж үздэг. Айлчлалын
хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын
архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Номын сан 1475 онд Пап дөрөвдүгээр Сикстийн зарлигаар
байгуулсан түүхтэй. 75 мянган гар бичмэл, 1,1 сая хэвлэмэл ном, XV зууны үеийн
8,000 ном, 300 мянган зоос, медаль, 150 мянган зураг, газрын зураг зэрэг ховор
цуглуулгатай. Плано Карпинийн манай улсад хийсэн аяллын тэмдэглэл, Монголын
эзэнт гүрний талаарх Европын анхны баримтууд энд байдаг гэж ЕТГ-аас мэдээллээ.


Ulaanbaatar