Спортын салбар дахь бэлгийн дарамттай тэмцэх тухай хууль удахгүй АНУ-д батлагдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН./TASS/. Залуу эмэгтэй тамирчдад багш дасгалжуулагчдын зүгээс бэлгийн дарамт учруулдаг явдлыг таслан зогсоох зорилготой хуулийг АНУ-д удахгүй батлах гэж байна.
Пүрэв гарагт Индиана муж улсын Сюзан Брукс тэргүүтэй хэсэг хууль тогтоогчдын өргөн барьсан хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 415 гишүүн дэмжиж, 3 гишүүн эсэргүүцжээ. Үүний зэрэгцээ Сенатын танхимд Дайэн Файнстайны оруулсан хуулийн төслийг одоогийн байдлаар Хууль зүйн байнгын хороо дэмжээд байна.
Ийм хуулийг удахгүй батлах гэж байгаа нь АНУ-ын Гимнастикийн холбооны хүрээнд дэгдсэн дуулиан шуугиантай холбоотой юм. Тус улсын гимнастикийн шигшээ багийн эмч Лоуренс Нассар нь олон эмэгтэй гимнастикчдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь дуулиан дэгдэх шалтгаан болжээ. Түүний эсрэг дөрвөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ хэрэг явдалтай холбоотойгоор Америкийн Гимнастикийн холбооны ерөнхийлөгч Стив Пенни огцорсон юм.
Хэрэг явдал зөвхөн Нассараар хязгаарлагдахгүй аж. Өнгөрсөн онд “"Индианаполис стар" сонины явуулсан судалгаагаар, сүүлийн 20 жилийн хугацаанд Америкийн гимнастикийн дасгалжуулагчид тамирчиддаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх 360 гаруй гомдол байгаа ажээ.
О.Барс