Н.Наговицинаг аврах ажиллагааг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-26 09:57:42

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 26 /РИА Новости/. Аврах багийнхан очих хүртэл Киргизийн уулын оргилд гацсан уулчин Наталья Наговицинаг сураггүй алга болсонд тооцно гэж Оросын Уулчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Пятницын мэдэгдлээ.


Даваа гарагт “Южный Иныльчек” уулчдын баазын захирал Д.Греков хэлэхдээ, Наговицинаг аврах ажиллагаа зогссон гэсэн байна. “Наговицинаг олох хүртэл түүнийг сураггүй алга болсон гэж тооцох болно. Одоогоор хэн хүссэн нь аврах ажиллагааг явуулж учраас юу болохыг хэлж мэдэхгүй байна. Олон хүн дронтой ирээд өвөлжингөө хайхад хүрч ч магадгүй” гэж тэрбээр ярилаа.   

Уулчин Н.Наговицина энэ сарын 12-ны өдөр Тяншань уулын Победа оргилд гарсныхаа дараа бууж байхдаа хөлөө гэмтээсний улмаас явах боломжгүй болж, 7200 м-ийн өндөрт гацсан байна. Бусад уулчид түүнийг аврахаар оролдсон боловч цаг агаарын байдлаас шалтгаалан тэдний оролдлого амжилтгүй болж, нэг уулчин амиа алджээ. Уулчин бүсгүй оргил дээр урагдсан майхан, аяны хөнжил болон багахан хэмжээний ус, хүнстэй үлдсэн юм.


Уулчдыг авчрахаар 16-ны өдөр Киргизийн Батлан хамгаалах яамны Ми-8 нисдэг тэрэг хөөрсөн боловч агаарын хүчтэй урсгалд орсноор ослын буулт хийжээ. Түүний оронд хөөрсөн Ми-17ВМ нисдэг тэрэг нэг удаагийн нислэгээр хэд хэдэн уулчид, аврагчдыг авчирсан байна. Гэвч цаг агаар эрс муудсан тул дахин нисэх боломжгүй болжээ. Ингээд Наговицинаг аврахаар уулчдын баг ирсэн боловч 22-ны өдөр багийн ахлагчийн бие муудсан тул бааз руугаа буцахаас аргагүйд хүрсэн байна.


Эцсийн найдвар нь Италийн нисгэгчид байсан боловч тэд цаг агаар сайжрахыг хүлээлгүйгээр даваа гарагт баазыг орхин явжээ.  

 

相关新闻