Японы зүүн хойд нутгийн сургуулиудын үйл ажиллагааг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-12-10 16:50:48

ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Kyodo/. Японд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа түр хаагдаад байсан зүүн хойд болон хойд нутгийн ихэнх сургуулиуд өнөөдрөөс үйл ажиллагаагаа сэргээсэн боловч дахин хүчтэй газар хөдөлж болзошгүй талаар сэрэмжлүүлсэн хэвээр байна. 


Даваа гаргийн орой болсон газар хөдлөлтийн дараа тус бүс нутгийн сурагчдад яаралтай нүүлгэн шилжүүлэхэд долоо хоногийн туршид бэлэн байхыг зөвлөжээ. Цаг уурын агентлагаас Хоккайдо, Санрикүгийн эрэг орчмын бүс нутгуудад уг сэрэмжлүүлгийг гаргасан байна.


Боловсролын яамнаас мэдээлснээр, Хоккайдо, Аомори, Иватэ, Мияги, Фүкүшима гэсэн таван мужид мягмар гарагт нийт 300 гаруй сургууль үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Мөн газар хөдлөлтөд өртсөн зарим сургууль хаалттай хэвээр байгааг орон нутгийн засаг захиргаанаас мэдэгджээ.


Аомори мужийн Хачинохе хотын улсын бага сургууль өнөө өглөөний 7:30 цагт нээгджээ. Тус сургуулийн 115 сурагч, 20 багш, ажилтнаас газар хөдлөлтийн үеэр бэртэж гэмтсэн хүн байхгүй байна. “Өчигдөр би дараагийн газар хөдлөлт болох үед юу хийх ёстойгоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Найз нартайгаа уулзаж байгаадаа баяртай байна” гэж гуравдугаар ангийн сурагч, 9 настай Арен Шираяма ярьжээ.


Хүчтэй газар хөдлөлт даваа гаргийн 23:15 цагийн орчимд Аомори мужийн зүүн эргээс холгүй болсон тул Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд Хоккайдо арлын Номхон далайн эргийн хэсэг, мөн Аомори, Иватэ мужуудад цунамийн түгшүүр зарлахад хүрсэн юм. Иватэ мужийн Күжи боомтод 70 см өндөр давлагаа бүртгэгдсэн бөгөөд цунамийн давлагаа ажиглагдсаныг янз бүрийн боомтууд баталсан байна.


Дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулсан сэрэмжлүүлэг нь Хоккайдогоос Токиогийн зүүн хэсэгт орших Чиба хүртэл үргэлжилсэн долоон мужийн 182 хотын захиргааг хамарч байна. Иймд дахин газар хөдлөх магадлалтайг харгалзан хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг оршин суугчдад уриалж байгаа ажээ. Одоогоор урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

相关新闻