Он гарсаар Ганга нуурын хөвөөнд 23000 орчим мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-23 16:48:28
Сүхбаатар /МОНЦАМЭ/.  2017 он гарсаар Ганга нуурын эрэгт 23000 орчим мод тариад байна. Ихэнхдээ бургас, хайлаас, улиас зэрэг мод тарьжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Жи Си Эс ТББ-ын Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалтанд хамрагдсан залуусын төлөөлөл Ганга нуурын хөвөөнд 200 ширхэг хайлаас суулгаж, 300 ширхэг суулгацыг байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Улмаар тус 300 ширхэг суулгацыг Алтан-Овооны энгэрт тарихаар болжээ.
Ганга нуур ширгэж эхэлсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал болж байгаа. Нуурын ширгэж буй гол шалтгаан бол нуурын ёроолд лаг шавар ихээр хуримтлагдсан, мөн элсний нүүдэл их явагдаж байгаатай холбоотой юм. Лаг шаврыг техник болон хүний хүчээр гаргана, харин элсний нүүдлийг зогсоох арга бол мод ихээр тарих явдал юм. Тийм ч учраас Ганга нуурын хөвөөнд мод тарих ажил эрчимтэй хийгдэж байгаа. 
Устаж үгүй болж буй Ганга нуураа аврах, хайрлан хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс хамтран олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа. Ялангуяа модыг маш ихээр тарьж байгаа. Баялаг бүтээгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар холбоо, аймгийн Байгаль орчны газар, Ойжуулалт хайлааст ХХК, ахмадууд, бүр Өвөрмонголчууд хүртэл ирж хэдэн мянган мод тарьсан. Гэхдээ тарьсан бүх мод 100 хувь ургаж байгаа гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм. Энэ талаар Дарьганга сумын байгаль хамгаалагч Ч. Батдорж хэлэхдээ “ Ганга нуураа гэсэн сэтгэлээр мод тарьж байгаа хүмүүст талархах ёстой. Гэхдээ мод гэдэг чинь зүгээр нэг булж орхиод ургадаг зүйл биш. Бидний хувьд суулгасан мод бүрийг тэр болгон эргэж тойроод, услаад явах боломжгүй, тийм цаг зав ч хомс байдаг. Нөгөө талаар зарим хүмүүс зүгээр шороонд булчихаад, мод суулгасан нэр зүүчихээд алга болдог. Нуурын маань эрэг маш их элсэрхэг учир яг нөхцөлд нь тохирсон модыг сонгон суулгах нь чухал байдаг. Ингээгүйн улмаас хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөө гарздах байдал цөөнгүй гардаг.  Дээрээс нь нуурын хамгаалалтын хашаа төдийлөн чанартай байж чадахгүй байгаа учир эвдэрч унан улмаар мал орж хүмүүсийн тарьсан модыг идэх, хугалж гэмтээх тохиолдол их гарч байна...” гэлээ.
Т. Одончимэг
 
相关新闻