Дугуйн парад эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-05-20 17:01:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр 17.00 цагаас "Дугуйн парад” эхэллээ.

Энэхүү “Дугуйн парад”-ын үйл ажиллагаанд “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллага оролцож байгаа юм.
МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд уг төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хэрэгжих болсон. Мөн унадаг дугуй унадаг залуусын тоо сүүлийн үед эрс өссөн нь төслийн үр дүн гэж болно.

Энэ жилийн “Дугуйн парад”-ыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, МЗХ хамтран зохион байгуулж байна. Парадын зорилго Улаанбаатарт унадаг дугуйн зам бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.


Өнгөрсөн жилүүдэд “Дугуйн парад”-д 1500 гаруй дугуйчин оролцож байв. Нийслэлийн иргэд гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонд энэ өдөр унадаг дугуйгаар зугаалах боломж олгодог гэдгээрээ онцлогтой.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻