Трактор, чацарганы зээлийн эргэн төлөлт муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-20 11:59:53
Булган /МОНЦАМЭ/“Тариалан эрхлэлтийг дэмжих” сангаар дамжуулан малчид, тариаланчдад зээлийн гэрээгээр олгосон бага оврын трактор, чацарганы суулгацын зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна гэж тус сангийн Булган аймаг дахь салбарын эрхлэгч Ц.Энхбат сумын удирдлагуудад мэдэгдлээ.
Малчид, тариаланчид 2,9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авахдаа 1,2 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлж авчээ. Харин үлдэх төлбөрийг зээлийн гэрээгээр 4-5 жилийн хугацаанд барагдуулахаар тохиролцсон байдаг. Гэтэл одоогийн байдлаар 587 иргэн, аж ахуйн нэгжийн 927,0 сая төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн, 726,0 сая төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөж байгаа аж.
Мөн чацарганы 126200 ширхэг суулгацыг зээлээр олгосноос 98 хүн авсан 273,0 сая төгрөгийн зээлээ буцаан төлөөгүй байна.
-Манай улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай тохиролцож авсан бага оврын тракторын зээлд зохих хэмжээний хүү төлж байгаа. Тиймээс байгуулсан гэрээний дагуу дараагийн шатны зохих арга хэмжээ авч зээлийн эргэн төлөлтийг шуурхайлах болно гэж Ц.Энхбат хэллээ.
М.Батжаргал
相关新闻