Мексикийн сэтгүүлчид эсэргүүцлийн жагсаал хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-17 14:26:30
МЕХИКО./ВВС/. Мэргэжил нэгт нөхрийг нь мафийнхан буудан хөнөөснийг Мексикийн сэтгүүлчид эрс зэмлэн буруушаан өчигдөр эсэргүүцлийн жагсаал хийж, сэтгүүлчдийн эсрэг чиглэсэн хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээ авахыг засгийн газарт уриаллаа.

Нэрт сэтгүүлч Хавьер Валдез өөрийн төрөлх нутаг болох Синалоа мужид энэ долоо хоногийн даваа гарагт ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм.

Мансууруулах бодис хууль бусаар хил давуулан наймаалагчдын тухай олон нийтлэл бичиж байсан түүнийг хөнөөнө гэж гэмт хэргийн бүлэглэлүүд нэг бус удаа заналхийлж байжээ.

Энэ он гарснаас хойш түүнийг оруулаад Мексикт таван сэтгүүлч амиа алдаад байна.

Өчигдөр тус улсын нийслэл Мехико хотын төв талбайд орших Тусгаар тогтнолын хөшөөний дэргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн сэтгүүлчид талбайн шалан дээр “тэд биднийг хөнөөж байна. Дуугүй байж болохгүй” гэж бичсэн байв. Энэ оны гуравдугаар сард тус улсад Мирослава Брич гэдэг сэтгүүлчийг гэмт этгээдүүдэд буудан хөнөөсний  дараа Х.Валдез ингэж хэлж байжээ.


Улс орныхоо сэтгүүлзүйн салбарыг хамгаалах дорвитой арга хэмжээ авахыг тэд засгийн газарт уриалсан байна.

Тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан өнөөдөр мөн эсэргүүцлийн жагсаал хийх ажээ.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эсрэг гэмт хэргүүд, үүний дотор сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргүүдийг мөрдөн шалгахаар шинэ прокурорыг өнгөрсөн долоо хоногт томилсон байна.

Х.Валдез амьд сэрүүн байхдаа “засгийн газар сэтгүүлчдэд анхаарал хандуулахгүй байна. Эрх баригчид биднийг хамгаалах тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Сэтгүүлчдийг заналхийлж, тэдний амь насыг хөнөөсөөр байна” гэж хэлж байсан юм.

Тэрбээр өнгөрсөн онд “Сэтгүүлч болно гэдэг нь хар дансанд  орно гэсэн үг” гэдэг номынхоо нээлтийн үеэр “та сум нэвтэрдэггүй хантаазтай, бие хамгаалагчидтай байсан ч гэсэн гэмт бүлэглэлийнхэн нэгэнт шийдсэн л бол таныг яаж ийж байгаад хөнөөнө” гэж ярьж байв.

Америкийн “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” ашгийн бус байгууллагын мэдэгдсэнээр, 1992 оноос хойш Мексикт наад зах нь 40  сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алджээ.

30 жилийн турш сэтгүүлчээр ажиллах хугацаандаа Х.Вальдез мансууруулах бодис хууль бусаар наймаалагчид болон Мексикийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, тэдгээрийн дотор “Sinaloa” гэдэг мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлийн талаар олон нийтлэл бичсэн байна.

Мексикээр дамжуулан АНУ руу нэвтрүүлж буй мансууруулах бодисын 25 хувийг нь “Sinaloa” бүлэглэлийнхэн нийлүүлдэг байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ-ын мэдэгдсэнээр, дайн байлдаангүй улс орнуудын дотроос Мексикт жил бүр хамгийн олон сэтгүүлч амиа алддаг ажээ.

Г.Доржханд



相关新闻