Хүнсний аюулгүй байдал алдагдахад хүргэсэн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-08 16:16:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа эрхэлж буй зарим аж ахуйн нэгжүүд хүнсний бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс хүнсний аюулгүй байдал алдагдахад хүргэсэн зөрчилтэй байгаа нь шалгалтаар илэрчээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн МХГ-ын  итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд худалдаалж байсан утсан загаснаас гэдэсний савханцар, мөн “Агь” ХХК-ийн худалдаалж буй 0.5 кг-аар савласан “Сакура” цагаан будаанаас шөвгөр хошуут цох тус тус илэрчээ. Эдгээр зөрчил нь хүнсний бүтээгдэхүүнд гадны бохирдол үүсгэхгүйгээр зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалж худалдаалаагүй, худалдаалах болон хадгалах үеийн технологийн горим баримтлаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгээгүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйтэй холбоотойгоор илэрсэн зөрчлүүд аж.
Дээрх байдлаас үүдэн хүнсний аюулгүй байдал алдагдах учраас иргэд хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүсэл, шинжилгээний бичиг байгаа эсэх, худалдааны технологи, хадгалалт, тээвэрлэлтийн горимыг мөрдөж байгаа эсэх, хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдлыг сайтар шалгаж авч байхыг аймгийн МХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч нар анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻