Бразилын хорих ангиудын албан хаагчид Хууль зүйн яамны байрыг эзлэн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын хорих газруудын ажилтнууд мягмар гарагт тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн Хууль зүйн яамны байр руу дайран оржээ. Үймээн болсон талаар Globo телевиз мэдээлсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид тус яамны гадна хаалгыг эвдэн оржээ. Тэд тус улсын шоронгуудад ажиллаж буй хүмүүст тэтгэвэрт гарахад нь хөнгөлөлт үзүүлэх тухай заалтуудыг хуулийн төсөлд оруулахыг парламентаас шаардаж байгаа юм.
4 дүгээр сарын 18-нд тус улсын Ерөнхийлөгч Мишель Темерийн санал болгож буй тэтгэврийн шинэчлэлийг парламентын доод танхим хэлэлцэж эхэлсэн юм. Уг хуулийн төсөлд тэтгэвэрт гарах насыг эрэгтэйчүүдийн хувьд 65, эмэгтэйчүүдийн хувьд 62 байхаар тусгажээ.
Ерөнхийлөгч М.Темерийн гаргасан гол санаачилгуудын нэг бол одоо парламентаар хэлэлцэж буй тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль юм. Энэ баримт бичигт тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, хүн амын хэд хэдэн бүлэгт үзүүлж буй хөнгөлөлтийг хасахаар тусгасан ажээ.
О.Барс