Шинжааны хилийг хамгаалахад дрон ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-02 14:15:50
ӨРӨМЧ. /Sputnik/. Аюулгүй байдлыг бэхжүүлэх өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд хил хамгаалах үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх онгоц буюу дрон ашиглахаар төлөвлөж байгаагаа Хятад улсын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны албаны хүн мэдэгдлээ.

Тус ӨЗО-ны дэд дарга Жерла Исамудин өнөөдөр мэдэгдэл хийхдээ “хүмүүс хууль бусаар хил давж орж ирэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Шинжаан хилийнхээ дагуу дрон байрлуулж, өргөст тор татаж, хяналтын камер суурилуулна” гэв.

Мөн терроризмтой тэмцэхийн тулд террористуудтай холбоотой мэдээ мэдээллийг харилцан солилцох чиглэлээр хөрш улс орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна гэж тэрбээр хэллээ.

Шинжаан нь аюулгүй байдлын хувьд асуудалтай, террористууд нутаг дэвсгэрт нь байнга халдлага үйлддэг Афганистан, Пакистан зэрэг найман улстай хиллэдэг юм.

Шинжаан Уйгурын ӨЗО бол Хятадын үндэстний цөөнх болох лалын шашинт уйгурчуудын өлгий нутаг билээ. Тус ӨЗО-нд үе үе засгийн газрын эсрэг бослого, үймээн самуун дэгддэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус оронд наад зах нь 200 хүн халдлагад өртөн амиа алджээ. Халдлагуудыг салан тусгаарлах үзэлт уйгурчууд үйлдсэн гэж Бээжин үзэж байна.
Г.Доржханд

 

相关新闻