300 гаруй зорчигчтой Оросын нисэх онгоц агаарын хүчтэй урсгалд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-02 08:52:51
БАНГКОК. /TASS/. Оросын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компанийн Москвагаас Бангкокийн чиглэлд нислэг үйлдэж явсан онгоц хүчтэй агаарын урсгалд орсны улмаас 27 хүн гэмтэж бэртжээ.

Энэ хэрэг өчигдөр “Боинг-777” загварын нисэх онгоц Таиландын нийслэл Бангкок хотод газардахаас 40 минутын өмнө болсон байна. Онгоцонд 313 зорчигч сууж явжээ.

Оросын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, амь насанд хүрэхээр аюултай гэмтэл бэртэл авсан хүн байхгүй аж. Гэхдээ хэд хэдэн зорчигчийн яс хугарч, гурван зорчигч хагалгаанд оржээ.

Тэнгэр цэлмэг байх үед онгоц агаарын урсгалд орсон учир нисэх багийнхан зорчигчдод анхааруулга өгч чадаагүй байна.

Зорчигчдын зарим нь суудлын бүсээ зүүгээгүй байсан учир гэмтэж бэртсэн бололтой.


Гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даана гэдгээ “Аэрофлот” компани мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, “Боинг-777”-гийн нисгэгч нь 23 мянган цаг нислэг үйлдсэн туршлагатай хүн аж.

Нисэх онгоц тэнгэр цэлмэг байх үед агаарын урсгалд орох тохиолдол жилд 750 орчим удаа гардаг байна.

Г.Доржханд



 
相关新闻