Гималайн нуруунд төөрсөн Тайваний аялагчийг 47 хоногийн дараа олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-27 11:35:57
КАТМАНДУ. /BBC/. Тайваний иргэн, 21 настай аялагч залуу өөрийн сүйт бүсгүйн хамт сураггүй алга болсноос хойш 47 хоногийн дараа Гималайн уулнаас амьд мэнд олдсон байна.

Аврах багийнхан Непалийн Дхадинг мужийн Типлинг тосгоны ойролцоох 2600 м-ийн өндөрт орших нэгэн хавцалд байхад нь Лиан Шэн Юэ-г олсон байна. Түүнтэй хамт явсан 19 настай найз бүсгүй Лиу Чэн Чуны цогцсыг мөн олжээ.

Тайвань залуу одоо Катманду хотын Гранди олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний аминд хүрэхээр аюул алга гэж эмч нар мэдэгдсэн байна.

Лиангийн эмчилгээг хариуцаж буй эмч Санжаяа Карки хэлэхдээ ”Тэр одоо аяархан ярьж чадна. Түүний найз бүсгүй гурван өдрийн өмнө нас барсан гэж тэр хэлсэн.  Түүний биед өтөнд идэгдсэн шарх байсан” гэжээ.

Аялагч залуу 47 хоногийн өмнө алга болсноосоо хойш 30 кг турсан байна. Түүнийг олох үед үс нь бөөстсөн, нэг хөл нь тэр чигтээ өтөнд идүүлсэн байжээ. Тэрбээр ус, давс хэрэглэсний хүчинд амьд мэнд үлдсэн байна.

Лианг, Лиу хоёр Тайваний Донг Хва үндэсний их сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд бөгөөд хоёрдугаар сард Энэтхэгээс Непалд ирсэн байна. Тэд хүчтэй цасан шуурга болж байгааг үл хайхран аялалд гарсан бөгөөд тэднийг хамгийн сүүлд 3 дугаар сарын 9-ны өдөр хойд Дхадингийн орчимд явж байхыг нь нутгийн оршин суугчид харсан аж.
Х.Сарнай 

 


相关新闻