“Алтан дөрөө” үзэмчин ардын наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-20 18:49:14
Дорнод /МОНЦАМЭ/.Үзэмчин ардын “Алтан дөрөө” наадам Дорнод аймагт ирэх 7 дугаар сард болно. Үзэмчин ардын уламжлалт урлаг, соёлын санг баяжуулах, үзэмчин зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилготой дээрх наадмын бэлтгэл эхэлжээ.  “Алтан дөрөө” наадмыг 2005 оноос эхлэн гурван жил тутамд тэмдэглэж ирсэн юм.
Тус аймгийн Сэргэлэн суманд Үзэмчин ястан төвлөрөн суурьшдаг. Үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдлэж, их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг сүлд шүтээнээ болгон тахиж, жил бүр хошуу хотлоороо цугларан агт морьдоо сэтэрлэх, эрийн гурван наадам хийх зэргээр хүндэтгэл үзүүлж ирсэн түүхтэй. Тийм ч учраас түүхийг сэргээн наадмыг “Алтан дөрөө” хэмээн нэрлэж, дуу хуур, урлагийн наадам, бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, үзэмчин сурын харваа, Үзэмчний уламжлалт бөмбөг шагайн наадаан, үзэмчин хувцас загварын болон хос морьтон шалгаруулдаг. Түүнчлэн “Алтан дөрөө” наадамд Улаанбаатар хот, Сүхбаатар, Хэнтий болон бусад аймаг, ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Үзэмчин хошууны төлөөлөгчид зорьж ирж оролцдог уламжлалтай. 
Д.Дэлгэрмаа
相关新闻