“Хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар” сэдвээр ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-19 16:59:15
Дорнод /МОНЦАМЭ/. Эхчүүд эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсож, дуу хоолойг нэгтгэх зорилгоор жил бүр нэг сэдвийн хүрээнд эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн хийдэг уламжлалын дагуу энэ жилийнх нь “Хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар” гэсэн сэдвийн хүрээнд өрнөсөн байна.
Зөвлөлгөөнд Дорнод аймгийн салбар, салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээж нарын төлөөлөл оролцож “үг”-ээ хэлжээ.
Дорнод аймгийн хувьд хүн амын төвлөрөл их, тэр хэрээр өрх толгойлсон эхчүүдийн тоо бусад аймагтай харьцуулахад өндөр байдаг. Гэр сүл салалт ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байгаа зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийн цаана эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх зөрчигдөж байдаг. Түүнчлэн эх, нярайн эндэгдэлгүй аймаг болж, эмнэлэг эрүүл мэндийн чанар, хүртээмж жилээс жилд сайжирч байгаа ч гажиг төрөлтийн тоо буурахгүй байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд нийт төрөлтийн 10-аад хувь нь гажиг төрөлт байсан гэсэн дүн мэдээ бий. Энэчлэн тулгамдаж байгаа асуудлуудыг зөвлөлгөөний үеэр чөлөөтэй хөндсөн юм.  
Хэлэлцүүлэгт 18-34 насны бүхий л бүлгийн төлөөлөл болох 60 гаруй залуу эмэгтэй хамрагдав. Зөвлөлгөөнийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хөгжлийн төвийг түшиглэн зохион байгуулсан. Энэ үеэр эмэгтэйчүүд ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар мөн санал бодлоо солилцсон байна.
Д.Дэлгэрмаа
相关新闻