П.Сэргэлэн: 12 сая төл хүлээн аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-19 13:02:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд МАА-н салбарын хаваржилтын нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
 
Сайд П.Сэргэлэн, “Өвөлжилтийн бэлтгэл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүнд  том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар улсын хэмжээнд 315.8 мянга байна. Хамгийн их хорогдолтой аймгийн тоонд Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймгууд орж байна. Энэ нь нийт малын 0.5 хувийг эзэлж байгаа ба хэвийн гэж үзэж болно. 

Манай улсын мал сүргийн тоо өнгөрсөн оны жилийн эцэст 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өссөн. Нийт хээлтэгчийн тоо 26.1 сая бөгөөд үүнээс 55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг буюу нийт 20-оос доошгүй сая төл хүлээн авахаар тооцоолж буй. Мал төллөлт одоогийн байдлаар 12.2 сая хээлтэгч төллөж, 12 сая төл хүлээн аваад байна. Гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна.
 
Мөн мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг малчдад хүргэх, улсын аварга малчдын хаврын мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу малчид, төлчин хүүхдүүдийг урамшуулах зорилгоор МҮОНРТ-ийн “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг 3 дугаар сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулж байна. Түүнчлэн яамны зүгээс аймгуудтай холбогдох “Шуурхай штаб” ажиллан, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна” гэлээ.
Б.Туул
相关新闻