Монгол Улсын авто замын сүлжээний урт 112 мянган километрт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-18 15:14:47

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх авто тээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Энэ өдрүүдэд авто тээврийн салбарыг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой тохиож байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хуралд оролцож буй төлөөлөгчдөд болон салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа.


Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:


Эрхэм хүндэт авто тээвэрчид ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,


Та бүхэнд Тулгар төр байгуулагдсаны  түүхт  2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жил, Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн  дэвшүүлье.


Ардын хувьсгалын ялалтын үр дүнд монголчууд бид нийгмийн хөгжлийн шинэ хэлбэрийг сонгож, дэлхийн улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлттэй хөл нийлүүлэн, орчин үеийн улс орнуудын хөгжлийн жишгээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбараа шинэчлэн зохион байгуулж хөгжүүлсэн билээ.


1924 онд Улсын Анхдугаар Их Хурлаас “аливаа тээх нэвтрүүлэх хэргийг бүрнээ улсаас эрхлэн явуулахаар тогтож…” Аж ахуйн явдлын яамнаас тусгай хороог салбарлуулан байгуулсан түүхтэй.


Тийнхүү мянга мянган жил ердийн хөсөг тээврээр хэрэгцээгээ залгуулж ирсэн монголчууд 1925 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Монгол Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулсан нь авто тээврийн салбар үүсэж хөгжих эхлэл болсон юм.


Авто тээврийн салбар нь үүссэн цагаасаа батлан хамгаалах, эрчим хүч, барилга, аж үйлдвэр, харилцаа холбоо, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбартай хоршиж, төрийн үйлчилгээг ард иргэддээ шуурхай хүргэдэг, хүнс, бараа таваараар хангадаг, зорчигч тээвэр, шуудан холбоог залгуулдаг гол суваг байсаар ирсэн билээ.


Анх 7 авто машинтай эхэлж байсан авто тээврийн салбар өнгөрсөн оны байдлаар 85.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт ачаа тээврийн 65 орчим хувийг, экспортын тээврийн 88, олон улс болон хот хоорондын зорчигч тээврийн 36 хувийг  эзэлж байна.


Тэрчлэн авто тээврийн салбарыг дагасан дэд бүтэц авто зам, гүүрийн барилгын бүтээн байгуулалт тус салбартай зэрэгцэн хөгжсөөр манай улсын авто замын сүлжээний нийт урт 112 мянган километр, олон улс болон улсын чанартай авто замын урт 15 мянга орчим километрт хүрчээ.


Хүндэт авто тээвэрчид ээ,

Эрхэм нөхөд өө,

Улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ард иргэддээ авто тээврийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай, найдвартай үзүүлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн үе үеийн авто тээвэрчид, авто тээврийн салбарын нийт хамт олонд төрийн тэргүүн чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.


Авто тээврийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийг бүртгэх, мэдээллийн санг өргөтгөн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд авто тээврийн салбарын үзүүлэх нөлөө, тээвэрлэлт болон техник ашиглалтад хяналт тавих замаар авто тээврийн салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаснаа баярын энэ өдөр дуулгахад таатай байна.


Энэ бол нэгэн зууны түүхтэй авто тээврийн салбарын үе үеийн хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр шим юм.

Та бүхэнд Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн ажил, амьдралын алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

 

相关新闻