850 гаруй төлөөлөгч хотуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-23 14:35:48

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдөр Индонези улсын Жакарта хотод  болсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6 дугаар чуулга уулзалтад оролцож илтгэл тавив.

Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй  төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг сэдвүүдийг онцолж 3 үндсэн,18 салбар хуралдаан хуралдлаа. Чуулганы нээлтэд НҮБ-ын Ази-Номхон далайн Эдийн засгийн комиссын дарга Шамшад Ахтар болон Индонези улсын Орон сууц, олон нийтийн яамны сайд Басуки Хадимулжоно нар үг хэлсэн юм. Ази-Номхон далайн бүс нутгийн хотууд 1993 оноос хойш энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн хурал Мянганы хөгжлийн зорилт хөтөлбөр дуусгавар болоод “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийн өмнө болж буйгаараа бүс нутгийн болон хотуудын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг талууд онцоллоо. Мөн энэ өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, НЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар нар НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр-3 Бүс нутгийн дээд түвшний бэлтгэл хуралдааны үеэр олон улсын төлөөлөгчидтэй уулзаж Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламж зэрэг асуудлуудаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻