Иргэний нисэхийн ерөнхий газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр болов.
Баярын
хурлыг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын
дарга Г.Занданшатар сонордуулав. Тэрбээр энэ үеэрээ 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тоот
зарлигаар ИНЕГ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг зарлан,
зарлигийг уншиж, шагнал гардуулав.
Энэхүү
хурлаар нисэхийн салбарын түүхэн замнал болон өнөөгийн амжилт дэвшил,
ирээдүйн зорилтоо дүгнэн хэлэлцэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо
хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим эрхмүүдэд төрийн дээд цол, одон,
медаль олгосон юм.
Монгол Улсад ачаа тээврийн Ю-13 онгоц 1925 онд Консулын дэнжид газардсанаар нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхтэй. Харин 1989 онд Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцид нэгдсэнээр БНХАУ, ОХУ, БНСУ, Тайланд, Япон болон бусад улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой болсон юм.
Манай улс өнгөрсөн оны байдлаар дэлхийн 48 улстай агаарын харилцааны гэрээ байгуулж, шинээр
11 нислэгийн чиглэл нээж, дэлхийн 22 улсын 60 гаруй хот руу нислэг үйлдэж
байна.