“Олон нийтийн оролцоот сургууль” төслийг 10 сургууль хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Боловсролын үйлчилгээний чанар, бүтээлч оролцоог нэмэгдүүлэхэд эцэг эх, иргэдийн хөндлөнгийн хяналт, хамтын ажиллагааг бий болгох үүднээс Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ТББ-тай хамтран “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг аймгийн ерөнхий боловсролын 10 сургуульд хэрэгжүүлж байна.
Тэгвэл төсөлд хамрагдсан 10 сургууль төслийн хүрээнд Олон нийтийн оролцоот сургуулийн чанар стандартын үзүүлэлтээр тулгамдаж буй асуудлаа илрүүлж, нэг асуудлаа сонгон өөрийн сургуулийн онцлогтой нийцүүлэн нийгмийн эгэх хариуцлага, бодит оролцоо, хөндлөнгийн үнэлгээг хийх аргачлал бүхий загвар бий болгоход зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх “Хэрэгжилтийн баг”, эрх зүйн баримт бичгийг нэгтгэх, өөрчлөлт оруулах, боловсруулалт хийх “Бодлогын баг”, сургуулийн тулгамдсан асуудлаа шийдсэн баримт, сайн туршлагыг видео хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх “Хэвлэл мэдээллийн баг”-ийг сургуулийн удирдлага, багш, ажилтан, эцэг эх, сурагч, олон нийтийн хамтын оролцоотойгоор байгуулсан байна.
Тус аймгийн Жаргалант сумын 2 , 7, 6 дугаар сургууль, Ховд, Мянгад, Манхан, Мөнхайрхан, Цэцэг, Булган, Мянгад зэрэг сумын 10 сургуулийн гурван баг нь нэгдэж сургуульдаа эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлаа шийдэж, сургуулийн сайн засаглал, чанартай үйлчилгээг бий болгох зорилготой тус бүр жижиг төсөл бичиж 03 сараас хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тухайлбал Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар сургууль Сургуулийн үйл ажиллагаанд ахмад багш нарын оролцоог буй болгон үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих ажлыг зохион байгуулснаар Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой “Олон нийтийн хөгжлийн төв-Ахмадуудын оролцоо” сэдэвт төсөл бичжээ. Уг төслийн хүрээнд Орон нутгийнхаа гавъяаны амралтанд гарсан ахмад багш нарын төлөөлөлтэй хамтарч мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлж байнгын ажиллагаатай болгож, сургалтын үйл явц болон үдийн цайны үйл ажилагаанд хөндлөнгийн хяналт тавиулах бөгөөд тэдэнд зөвлөн туслах, хяналт тавьсан талаар үр дүн үйл явцын мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн асуудлыг шийдвэрлүүлэх, ахмад болон залуу багш нарын хамтарсан багийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж ахмад залуу үеийн залгамж холбооны загварыг бий болгон түгээн дэлгэрүүлэх юм.
Жаргалант сумын 6 дугаар сургууль сурагчдын сурлагын амжилт, хөгжил төлөвшлийг дэмжихэд идэвхжсэн эцэг эхчүүдийн бүтээлч оролцоо, хөндлөнгийн хяналтыг буй болгох зорилготой “Аав Ээжийн өргөө- Амжилтанд хүргэнэ” сэдэвт төсөл бичсэн байна. Уг төслийн хүрээнд идэвхжсэн эцэг эхийн ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор сургуулийн нөөц бололцоонд түшиглэн “Аав Ээжийн өргөө- Амжилтанд хүргэнэ” хэмээх өрөөг тохижуулан байнгын үйл ажиллагаатай болгож сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор хичээлийн хэрэглэгдэхүүний хүрэлцээ, сурагчдын идэвхи оролцоо гэсэн чиглэлүүдээр хөндлөнгийн хяналт тавьж боломжит үйл ажиллагаанд сайн дурын дэмжлэгийг нэмэгдүүлэх бөгөөд идэвхжсэн эцэг эхчүүд бүтээлч оролцоо, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар санаачлага гарган сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулж сургуулийн дотоод журамд тогтвортой байдлыг хангах юм байна.
Харин Жаргалант сумын 7 дугаар сургууль Ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхчүүдийн 30 гишүүнтэй сайн дурын бүлгээр дамжуулан сургуулийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сайн дурын оролцоо-Сургуулийн хөгжилд ” хэмээх төсөл хэрэгжүүлж байна. Тус сургууль төслийнхөө хүрээнд 1-12 дугаар ангийн нийт 36 бүлгийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй 30 сайн дурын ажилтнаас бүрдсэн 3 бүлэгтэй болох бөгөөд Сайн дурын бүлгийг чадавхижуулах сургалтыг 21 хоногт 1 удаа зохион байгуулж, чадваржсан сайн дурын бүлэг нь сургуулийн үйл ажиллагаан дахь эцэг эхчүүдийн оролцоо болон сургуулийн сурах орчны гадна талбайн ерөнхий үнэлгээ хийж тулгамдсан асуудлыг тодорхойлох юм. Мөн Орон нутгийн 3 хүртэл байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажиллах ба идэвхжсэн сайн дурын 3 бүлэг ажил хөдөлмөр эрхэлдэггүй эцэг эхчүүдийн хандлагад нөлөөлөх сургалт сурталчилгаа, уулзалт, хэлэлцүүлгийг 2 удаа нийт 100 эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Харин Мянгад сумын сургууль: Малчин эцэг, эхчүүдийн хяналт оролцоотой дотуур байрны чанар хүртээмжийг нэмэгдүүлж суралцагчдын ая тухтай амьдрах, амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Малчин эцэг эхчүүд дотуур байрны үйлчилгээнд” сэдэвт төсөл бичжээ.
Ховд сумын сургууль: Сургалтыг дэмжих үйл ажиллагааг ахмадуудын бүлгээр дамжуулан сайжруулах, хамтран ажиллахад эцэг эх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ахмадын бүлэг” хэмээх төсөл бичсэн байна.
Манхан сумын сургууль: Ангийн эцэг эхийн зөвлөлийн үр дүнтэй зохион байгуулалт, загварыг шинэчлэн буй болгож сургалт, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоо хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ангийн эцэг эхийн зөвлөл” сэдэвт төсөл хэрэгжүүлж байна.
Мөнххайрхан сумын сургууль: Сургуулийн эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан сургуулийн үйлчилгээнд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийж, байнга хамтран ажилладаг бүтээлч оролцоотой эцэг эхчүүдийг нэмэгдүүлэх зорилготой “Инээж буй сургууль” хэмээх төсөл бичжээ.
Цэцэг сумын сургууль: Анги бүрийн эцэг эхийн хурлыг зохион байгуулах арга зүйг сайжруулж хурлын хэлбэр, зохион байгуулалтын шинэ загвар бий болгож, Сургуулийн эцэг эхийн манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Эгэх хариуцлагатай эцэг эхчүүд” төслийг хэрэгжүүлж байна.
Чандмань сумын сургууль: Сургуулийн зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах загварыг буй болгон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “Хамтдаа” сэдэвт төсөл бичсэн байна.
Булган сумын нэгдүгээр сургууль: Сургалтын үйл явцад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бид оролцъё” хэмээх төсөл хэрэгжүүлж байна. Тус сургууль төслийн хүрээнд сургуулийн дэргэд сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих 15 хүний бүрэлдэхүүнтэй чадваржсан “Иргэдийн хяналтын бүлэг”-ийг 2017 оны 03 сарын 06-ний өдөр байгуулжээ. Мөн сургалтын үйл явцад иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн удирдлагын зүгээс хяналт, үнэлгээ хийх зааварчилгааг боловсруулах, төслийн хугацаанд туршин сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд иргэдийн хяналтын бүлгээр дамжуулан нийгмийн идэвхи сул иргэд, төрийн байгууллагын төлөөллийг сургалтын явцад зааварчилгааны дагуу оролцуулан хяналт, үнэлгээ хийлгэх, Хяналт үнэлгээний дүнг сургуулийн үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэх анхаарч үйл ажиллагаа, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.
Дээрх 10 сургууль өөрсдийн сургууль дээрээ хэрэгжүүлж буй төслийн сайн үр дүн, туршлагаа бусад сургуулиудад танилцуулж, видео хэлбэрээр баталгаажуулах ажлыг энэ сард зохион байгуулж байгаа аж.
А.Бямбасүрэн