Тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр илүү нээлттэй болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-03-30 17:01:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн тухай хууль, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болов.

“Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд болсон уг хэлэлцүүлгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар/ТӨБЗГ/-аас санаачлан “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан юм.

Уулзалт хэлэлцүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалт, төрийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд анхаарах асуудал, ерөнхий гэрээ байгуулах, цаашдын чиг хандлага болон компанийн зарим асуудлыг хөндсөн юм. Мөн худалдан авах ажиллагаанд үүсч буй шүүхийн маргааны зарим асуудал зэрэг олон сэдвийг хөндөж ТӨБЗГ-ын захиргаа, хуулийн мэргэжилтнүүд илтгэл тавьсан.

Ингээд уг сэдвүүдийг тойрсон асуудлаар санал солилцож, хууль зүйн зохицуулалтыг цаашид хэрхэн боловсронгуй болгох, сайжруулах талаар хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Тендерийг цахим хэлбэрт шилжүүлснээр хандалт нь нээлттэй болж тендерийн зарын тоо жил ирэх тусам өссөн гэдгийг судалгаа харуулж байгааг онцолж байв. Мөн тендерийн цахим байдал нь тендерээс үүсэн маргаан, будлиан, авлига, хээл хахуулийг бууруулахад тодорхой дэвшил гарч, илүү нээлттэй болсныг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Мөн худалдан авах ажиллагаанд үүсдэг хууль эрх зүйн болон шүүхийн маргааны талаар тулгамдсан зарим асуудал байгааг тодруулах, шинэчлэх шаардлагатайг ч хэлэлцүүлгээр хөндөж байв. Энэ уулзалт хэлэлцүүлэгт 40 орчим хуулийн этгээдийн 100 орчим ажилтан оролцов.

Дашрамд сонирхуулахад, Тендерийн баримт бичгийг цахимаар үнэгүй тараадаг бөгөөд оролцогч нь үнийн дүнгээс хамаарч 50 мянгаас 300 мянган төгрөгийн хураамж төлдөг.

Д.Өлзий

相关新闻