"Хайрын хүч" аянд нэгдэж мөнгөн хандив өргөхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Ээлтэй ертөнц" ТББ-аас өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн "Хайрын хүч" хандивын аяныг зохион байгуулж байгаа аж.
Тус ТББ-ынхан өнөөдөр уг аяныхаа талаар мэдээлсэн хэвлэлийн бага хурлыг "Монгол ньюс" компанийн байранд хийлээ.
"Хайрын хүч" аян нь монголдоо эмчлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг БНХАУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орон руу эмчилгээнд явахад туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хэвлэлийн бага хурлын үеэр ТББ-ын тэргүүн Д.Туяажаргал хэлэхдээ, "Эмчилгээнд явуулахаар сонгож авсан хүүхдүүдийн өвчний оношоос шалтгаалан тус бүр 50-110 сая төгрөгийн эмчилгээний зардал шаардлагатай байна. Гэтэл одоогийн байдлаар манай дансанд 520 орчим мянган төгрөг цуглараад байна. Тиймээс сайхан сэтгэлт ард иргэд минь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулж, мөнгөн дэмжлэг үзүүлэхийг уриалж байна" гэв.
Эхний удаад хилийн чанадад явснаар эмчилгээний үр дүнд өндөр байж болохуйц 10 хүүхдийг сонгон явуулахаар бэлтгэж байгаа аж.
Б.Гаваа