Театрын өдрийг Дорнодынхон “Зүрхний шүтээн”-үүдтэй тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдрөөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын захиргаа Хөгжмийн ерөнхий удирдаач Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Бадамын Гэрэлмаагийн “Зүрхний шүтээн” тайлан тоглолтыг үзэгчдэдээ өргөн барилаа.
Б.Гэрэлмаагийн хувьд удам дагасан мэргэжлийн уран бүтээлч юм. Түүний аав Бадам тус театрт хөгжимчин, ээж Жигжид нь бүжигчин, ах Бадамдорж нь хөгжимчин байсан. Авьяаслаг гэр бүлээс төрсөн түүнийг Монголдоо хөгжмийн цор ганц эмэгтэй удирдаач гэдгийг нь онцлох учиртай.
Энэ үдэш Симфони оркестрынхон “Сарьсан багваахай” операттан хэсгээс үзэгчдэдээ толилуулж, МУУГЗ Н.Туулайхүү удирдлаа. Тэрээр дэлхийн сонгодог энэ бүтээлийг 2009 онд Дуурь бүжгийн эрдмийн театр анх удаа монгол хэлээр тавьж, түүнээс арав хүрэхгүй жилийн дараа Дорнодын театр тавьсан нь Симфони оркестроос гадна Хөгжмийн удирдаачийн авьяас чадвартай шууд холбоотой гэдгийг онцлон Гэрэлмаад дохиур бэлэглэж харагдсан.
“Зүрхний шүтээн” тоглолтод Хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс гадна Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын Ерөнхий удирдаач Н.Туулайхүү, МУГЖ У.Далантай нар оролцсон юм.
Б.Туяа