“Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг НИТХ-д өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн “Аюулгүй хот” төсөл, “Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөр зөвлөлийн гишүүдээр дэмжигдсэн тул НИТХ-д хуралд өргөн барихаар боллоо.
Нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нэгдсэн төв байгуулах, нийслэлийн хэмжээнд “Гэмт хэргийн хяналтын цогц систем”-ийг нэвтрүүлэх, 152 хорооны хэсгийн байцаагчийн ажлын байр, цагдаагийн дэд хэсгүүдийн байрыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох, шаардлагатай техник хэрэгслээр хангах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.
“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөр нь нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан зорилтот өрх бүрт нэг ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд ажил олгогч, аж ахуйн нэг байгууллага, өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэдийг бодлогоор дэмжиж, залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажил олоход хүндрэлтэй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах байна.
М.Аминаа